Нийслэлчүүд маргааш хотын даргатай болно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан өнгөрсөн сарын 16-ны өдөр болж,  хотын даргад томилох тухай асуудлыг хэлэлцсэн. Улмаар төлөөлөгч С.Мөнхчулуун заалнаас нэр дэвшиж олонхын санал авсан боловч Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт түүнийг хотын даргад батламжлахаас татгалзсан билээ. 

Тэгвэл холбогдох хуулийн дагуу Нийслэлийн ИТХ 15 хоногийн дотор хуралдаж, санал хураалт явуулж нийслэлийн Засаг даргаа томилох үүрэгтэй.  Энэ хүрээнд тэргүүлэгчид хуралдаж өнгөрсөн долоо хоногт хуралдаж  нийслэлийн Засаг даргыг томилох НИТХ-ын ээлжит бус VII хуралдааныг маргааш буюу  хоёрдугаар сарын 26-нд  хуралдуулахаар товлосон билээ. 

Харин  дараагийн Хотын даргад хэнийг нэр дэвшүүлэх талаар МАН-ын Удирдах зөвлөл дахин  хуралдаагүй гэнэ. Өөрөөр хэлбэл, өмнөх Удирдах зөвлөлийн шийдвэр, НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол хэвээр байгаа учраас дахин С.Амарсайханыг өрсөлдүүлэх юм байна.  Тиймээс маргааш буюу хоёрдугаар сарын 26-нд хуралдах НИТХ-ын хуралдаанаар Хотын даргын асуудлыг хэлэлцэж, эрх баригч намаас одоогийн НИТХ-ын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлэн, өрсөлдүүлэх аж. Гэхдээ заалнаас хэн нэгэн нэр дэвших боломжтой юм.