Чихрийн шижин өвчний хүндрэлийн үеийн эмчилгээг нутагшуулна

Өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Бүгд найрамдах Куба Улсын Биотехнологи, инженерчлэлийн үйлдвэрийн төв, Монгол эм импекс концерн хамтран чихрийн шижин өвчний үеийн хөлний шархлааг эрт илрүүлэх, хяналтыг сайжруулах, эмчлэх, эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Чихрийн шижин өвчний үед хөл, тулгуур эрхтэн орчимд шарх үүсэх нь түгээмэл тохиолддог. Энэ өвчнөөр оношлогдсон өвчтнүүдийн 10 орчим хувьд тулгуур эрхтэний шархны хүндрэл илэрч, тэдний 90 хувь нь хөлөө тайруулж, эрхтэн дутуу болдог гэсэн судалгаа байдаг.

Хамтын ажиллагааны хүрээнд сургалт, симпозиумыг зохион байгуулж, иргэд болон эмч мэргэжилтнүүдийг энэ талын мэдлэг, мэдээллээр хангах юм. Мөн чихрийн шижин өвчнөөс шалтгаалах хөлний шархлааг эрт илрүүлэх, хянах, өндөр үр дүнтэй эмчилгээг эх орондоо нутагшуулна. Түүнчлэн олон улсын байгууллага, төр болон хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулахыг албаныхан онцолж байлаа.
 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам