БНСУ-ын Ерөнхийлөгч хөх тэнгэрийн оронд айлчлахаар хүрэлцэн ирлээ

Сүүлийн жилүүдэд Үндэсний их баяр наадам бүрээр гадаадын хүндтэй зочинтой байх болсон. Тухайлбал, 2025 оны наадмаар Япон улсын эзэн хаан Нарүхито хатан Масакогийн Монгол Улсад төрийн айлчлал хийсэн бол 2024 оны наадмаар Бутаны хаант улсын цог жавхлант хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук хатан Жэцүн Пэма Ванчукийн хамт манай улсад айлчилсан. Энэ жилийн хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гёны хамт манай улсад айлчилж Үндэсний их баяр наадмыг үзэж сонирхохоор болсон юм. 

БНСУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал энэ сарын 11 хүртэл үргэлжлэх бөгөөд өнөөдөр Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Хүндэт зочдыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас БНСУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон нар угтаж авлаа.

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улс руу нисэхээсээ өмнө цахим хуудсандаа “Ойрын хөрш холын садангаас дээр. Бидний сайн мэддэг энэ зүйр цэцэн үг нь Монголд ч адилхан утгаар хэрэглэдгийг та бүхэн мэдэж байгаа болов уу. Хөршөө хайрлан хүндлэх сэтгэлээрээ Монгол, Солонгос хоёр улс ижил байгааг бодоход улам дотно сэтгэл төрж байна. Монголчууд Солонгос улсыг солонгын орон гэсэн утгаар Солонгос хэмээн дуудаг бол, солонгосчууд бид Монголыг хөх тэнгэрийн орон гэж дууддаг. Бие биеэ дуудах нэр нь ч гэсэн гүнээ сэтгэл шингэсэн байна.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн хувиар 15 жилийн дараа Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Одоо хоёр улс олон жилийн найрсаг, итгэлцлийн харилцаанд тулгуурлан ирээдүйгээ хамтдаа бүтээлцэх итгэлт түнш болохоор зорьж байна. Харилцан тус дэм болсон үнэнч хөршийн харилцаа улам бүр тэлж, хоёр улсын ард иргэдэд хүртээмжтэй үр дүн бүхий айлчлал байх болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх тантай хөх тэнгэрийн оронд уулзъя" хэмээн бичээд онгоцондоо суужээ. 


Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.

Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Тухайлбал, айлчлалын үеэр хоёр тал жолооны үнэмлэхээ харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт гарын үсэг зурна. 

Хоёр улс 2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”, 2011 онд “Иж бүрэн түншлэл”, 2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон. Монгол Улс, БНСУ 1990 оны гуравдугаар сарын 26-нд дипломат харилцаа тогтоосон юм. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээж байлаа.