Онцгой байдлын ерөнхий газраас үер, усны осол, гал түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд “Объектын гал түймрийн дуудлага, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 18.6 хувиар буурсан бол гал түймэрт өртөж нас барсан хүний тоо 20.5 хувиар өссөн.
Сүүлийн гурван жилд Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд буюу долоодугаар сарын 10-20-ны өдрүүдэд объектын гал түймрийн 223, ой, хээрийн гал түймрийн 39 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Эдгээр түймрийн улмаас 4 иргэн амь насаа алдаж, 3 иргэн угаартаж, бэртэж гэмтсэн бөгөөд баяр, амралтын өдрүүдэд жилд дунджаар 74 удаагийн гал түймэр гарч байна.
Мөн улсын хэмжээнд нийслэлийн 2 дүүрэг, 12 аймгийн 53 суманд 129 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24.5 хувиар буурсан үзүүлэлт. Дээрх ой, хээрийн гал түймрийн улмаас нэг иргэн амь насаа алдаж, хоёр иргэн түлэгдсэн байна. Урьдчилсан байдлаар ойн 11.792 га, хээрийн 922.930 га, нийт 934.722 га талбай шатаж, 4.6 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Иймд баяр, наадмын амралтын өдрүүдэд ой, хээрийн болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлж, хүн бүр галын аюулгүй байдлаа ханган, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Мөн холын замд зорчихдоо иргэд гэр, сууцныхаа цахилгаан хэрэгслийн аюулгүй байдлыг шалгаж, шаардлагатай тохиолдолд цахилгааныг бүрэн салгахыг анхаарууллаа.
Түүнчлэн аялал, зугаалгаар явахдаа хийн баллон тээвэрлэх үедээ аюулгүй байдлыг хангаж, нарны шууд тусгалаас хамгаалах, мөн нөөц шатахууныг зориулалтын бус саванд тээвэрлэхгүй байхыг анхааруулж байна” гэлээ.