“Дэд бүтцийн төв”-ийг ирэх 5-р сард хүлээлгэж өгнө

Монгол Улсын хүн амын 50 гаруй хувь нь аж төрдөг Улаанбаатар хотын хүн амын нягтаршил сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, тэр хэрээр суурьшлын бүсүүд хүрээгээ тэлж,  төвлөрөл бий болоод буй. Үүнтэй холбогдуулан  НЗДТГ-аас  “Дэд бүтцийн төв” төслийг НЗДТГ-аас хэрэгжүүлж байгаа билээ.

Монгол Улсын Их хурлаар батлагдсан “Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 оны ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т нийцүүлэн нийслэл хотын гэр хорооллыг гурав бүсчилж хувааж хөгжүүлэхээр тусган, тус бүрд нь авах арга хэмжээ, хүрэх үр дүнг тодорхой болгон “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны хоёрдугаар сарын 27-ний өдрийн 14/01 тогтоолоор баталсан байдаг. 

Тэгвэл өнөөдөр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар,Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НИТХ-ын дарга С.Амарсайхан нар “Дэд бүтцийн төв”-ийн бүтээн байгуулалттай танилцлаа.  Тус төслийн хүрээнд 220 нэгж талбарын 285 айлын өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох бөгөөд эхний ээлжийн 33 айлыг дулаанд холбоод байгаа бөгөөд төсөлд хамрагдсан 285 айл өрхөөс 28 айл өрх шинээр амины орон сууц барьж, 104 айлын байшин сууцыг дулаалгын аянд хамруулсан байна.

 

Мөн уг ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 220 нэгж талбарыг хамарсан 14 га газарт жишиг гудамж, авто болон явган зам, ногоон байгууламж, хиймэл нуур, гэрэлтүүлэг, камержуулалт иж бүрэн хийгдэж, 2019 оны тавдугаар сард хүлээлгэн өгөх юм байна.  Чингэлтэй дүүрэгт хэрэгжиж буй уг “Дэд бүтцийн төв”-ийн хувьд өөрийн гэсэн цэвэрлэх байгууламжтай. Цэвэрлэх байгууламжийн хувьд хоногт 520 куб метр боловсруулж, 1000 хүртэлх айлын бохирыг цэвэршүүлэх хүчин чадалтай аж.

Уг төсөл хэрэгжсэнээр агаар, хөрс, орчны бохирдол бүрэн үгүй болж, иргэд өөрийн өмчлөлийн газартаа амины орон сууц барьж, газрын үнэлгээ 3-4 дахин нэмэгдэн, эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах нөхцөлөөр хангагдана гэдгийг ажлын хэсгийнхэн онцлов. 

Нийслэлийн хувьд 2019 оны төсөвт 20 тэрбум төгрөгийг суулгаж, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт  хоёр “Дэд бүтцийн төв”-ийг барихаар төлөвлөсөн байгаа аж.