2018 оны 2 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд ОХУ-ын Сочи хотноо Оросын хөрөнгө оруулалтын ээлжит чуулга уулзалт зохион байгуулагдав.
ОХУ-ын эдийн засаг, хөрөнгө оруулалтын хүчин чадлыг сурталчлан хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнд хөрөнгө, санхүү татах зорилгоор чуулсан энэ удаагийн чуулга уулзалтад ОХУ-ын Засгийн газрын Тэргүүн Д.Медведев тэргүүтэй Засгийн газрын сайд нар, холбооны бүхий л субъектын удирдлага захирагч нар, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй, компаний төлөөлөл, гадаадын улс орнуудын төр, засгийн удирдлага, хэвлэл мэдээллийн ажилтнууд зэрэг 8 мянга гаруй төлөөлөгчид оролцов. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, зөвлөх Д.Баасанхүү нар оролцлоо.
“Амжилтын хүчин зүйл – шинэ санаа, хүний нөөц, чадавх”” сэдвийн дор хуралдсан нэгдсэн хуралдаанд ОХУ-ын Засгийн газрын Тэргүүн Д.Медведев үндсэн илтгэл тавьж хэлэлцүүлэв. 2024 он гэхэд 25.7 их наяд рублийн өртөгтэй үндэсний 12 төслийг хэрэгжүүлснээр ОХУ-ын эдийн засгийн хөгжилд томоохон үсрэлт гарах болно хэмээн тэрээр онцлон тэмдэглэв. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд төсвийн хөрөнгө оруулалтаас гадна гадаадын болон хувийн хөрөнгө оруулалт чухал ач холбогдолтойг тэмдэглээд бизнесийн нийгэмлэгээс 76 их наяд рублийн 1000 гаруй санал санаачлага гараад байгааг сонирхуулав. Чуулга уулзалтын үеэр Оросын бизнесийн орчин – өсөлтөд хүрэх зам, Сорилтыг туулах бүс нутгийн бодлого, Нийгмийн шинэ асуудал гэсэн 3 дэд бүлэг асуудлыг хэлэлцсэн 60 гаруй салбар хуралдаан, дугуй ширээний хэлэлцүүлэг явагдсан байна. Оросын хөрөнгө оруулалтын энэ удаагийн чуулга уулзалтын өмнөх өдөр буюу 2 дугаар сарын 13-ны өдөр ОХУ-ын Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр “Эрүүл нийгэм – 80+ нас зорилтьг хэрэгжүүлэхэд” сэдэвт арга хэмжээ анх удаа зохион байгуулсан бөгөөд арга хэмжээнд 14 орны 3500 төлөөлөл оролцжээ.
Оросын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр Оросын томоохон бүс нутаг, компаний аж ахуйн нэгжүүд өөрсдийн павильоныг ажиллуулж, үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнээ сурталчлав.
Чуулга уулзалтын сүүлийн өдөр буюу 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Д.Козак чуулга уулзалтын үр дүнг урьдчилан дүгнэж өмнөх оноос даруй 7 дахин их хэмжээний үнийн дүнтэй буюу 768 тэрбум рублийн 443 гэрээ хэлэлцээр байгуулагдсан тухай сэтгүүлчдэд мэдээлэв.