Air Canada компанийн нисгэгчийг 17 жилийн турш зохих мэргэжлийн үнэмлэхгүйгээр арилжааны нислэгүүд үйлдэж, олон мянган зорчигч тээвэрлэсэн гэж эрх баригчид буруутгаж байна.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр Онтарио мужаас гаралтай 59 настай Жеффри Уолл 2009 онд ахмад нисгэгчийн албан тушаалд дэвшсэнээсээ хойш хуурамч баримт бичиг ашиглан нислэг үйлдэж байсан нь тогтоогджээ.
Түүнийг залилангийн шинжтэй хэд хэдэн хэрэгт буруутган шалгаж байгаа аж.
Air Canada компани өнгөрсөн жил хуурамч баримт бичгүүд илэрмэгц тухайн нисгэгчийг үүрэгт ажлаас нь нэн даруй чөлөөлсөн гээд “Компани энэ асуудлыг сайн дураараа Канадын Тээврийн яаманд мэдээлсэн” гэж мэдэгджээ.
Мөн зорчигчдын аюулгүй байдалд хэзээ ч эрсдэл учирч байгаагүй гэдгийг онцлон тэмдэглээд бүх нисгэгч зургаан сар тутам ур чадварын шалгалт, сургалтад хамрагддаг болохыг дурдсан байна.
Торонтогийн бүсийн цагдаагийн байгууллага болох Пийл тойргийн цагдаагийн дэд дарга Ник Милиновичийн хэлснээр Уолл 1998 онд ажлын гараагаа эхлүүлж, Air Canada-д нийт 27 жил ажилласан байна.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр тэрээр 2009 онд нислэгийн командлагч буюу ахмад нисгэгчийн албан тушаалд томилогдсоноосоо хойш мэргэжлийн үнэмлэхээ буруу танилцуулж иржээ. Энэ албан тушаалд ажиллахын тулд нисгэгчид хэд хэдэн бичгийн шалгалт өгч авдаг Airline Transport Pilot Licence (ATPL) буюу агаарын тээврийн нисгэгчийн үнэмлэхтэй байх шаардлагатай байдаг.
Үнэмлэхийн зөрчилтэй байдлыг нь “Өрхийн эмчээр ажиллах зөвшөөрөлтэй хүн өөрийн өрөөндөө тархины мэс засал хийж байгаатай тун төстэй” гэж тайлбарлажээ.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр Уолл сүүлийн 17 жилийн хугацаанд хэд хэдэн төрлийн Боинг онгоц жолоодож, дотоодын болон олон улсын нийт 900 нислэг үйлдсэн, мөн зохих үнэмлэхгүй атлаа олон сая ам.долларын цалин авчээ.
Энэхүү залилан өнгөрсөн жил ээлжит үнэлгээний үеэр нисгэгчийн үнэмлэхтэй холбоотой баримт бичгүүдэд зөрчил илэрснээр ил болсон байна.
Үүний дараа Канадын холбооны тээврийн байгууллага болох Transport Canada мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ.
Дараа нь Пийл тойргийн цагдаагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, нэгжлэг хийх зөвшөөрөл авч, үнэмлэхийг шинжилсний эцэст хуурамч болохыг тогтоосон байна.
Уолл зургадугаар сарын 1-нд нийт долоон зүйл ангиар буруутгагджээ. Үүнд:
- Залилан үйлдэх
- Баримт бичиг хуурамчаар үйлдэх
- Хуурамч тэмдэг, тэмдэглэгээ эзэмших зэрэг хэрэг багтсан аж.
Air Canada компанийн мэдээлснээр Уолл хүчинтэй арилжааны нисгэгчийн үнэмлэхтэй, бүрэн сургалттай байсан ч Канадын дүрмийн дагуу ахмад нисгэгчээр ажиллахад шаардлагатай ATPL үнэмлэхгүй байжээ.
Тус компани мэдэгдэлдээ “Бид энэ асуудлыг чухалчлан үзэж байгаа” гэдгээ онцлоод бүх нисгэгчдээ хамруулсан аудит хийхэд өөр ямар нэгэн дүрэм зөрчсөн тохиолдол илрээгүй гэж мэдэгдсэн байна.
Уоллын залилан яагаад олон жилийн турш илрээгүй талаар асуухад Милинович “Ийм төрлийн этгээдүүд хуурах, залилан мэхлэхдээ маш чадварлаг болдог” гэж хариулжээ.
Жеффри Уолл энэ сарын 29-нд шүүхэд анхны мэдүүлгээ өгнө.