Дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгч компани инфляц бизнесийнх нь үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлж байгаа учир бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж магадгүй гэв.
Taiwan Semiconductor Manufacturing Company (TSMC) нь Nvidia, AMD болон Apple зэрэг компанийн зохион бүтээсэн хамгийн дэвшилтэт чипүүдийг үйлдвэрлэдэг. Тиймээс үнийн өсөлт гарвал хиймэл оюуны (AI) дэд бүтцийн өртөгт нөлөөлж, улмаар урт хугацаанд хэрэглэгчдийн худалдан авдаг цахим төхөөрөмжүүдийн үнэд ч нөлөөлөх магадлалтай юм.
Тус компанийн Санхүү хариуцсан захирал Венделл Хуан үнэ нэмэхдээ “дөрөв, тав дахин” огцом өсөхгүй гэж мэдэгджээ. “Бид өөрсдийн үнэ цэнийг үнэлж тогтоодог” хэмээн тэр хэлээд компанийнхаа технологийн манлайлал болон үйлдвэрлэлийн өндөр ур чадварыг онцолсон байна.
BBC-д өгсөн тусгай ярилцлагадаа Хуан мөн хиймэл оюуны салбарын өсөлт бол хөөс биш, компанийн дэлхий даяарх өргөжилт геополитикийн дарамтын үр дүн гэх яриаг няцаажээ.
АНУ–Хятадын өрсөлдөөний төвд байгаа TSMC
Дэлхийн хагас дамжуулагчийн салбар болон TSMC нь өсөн нэмэгдэж буй АНУ–Хятадын худалдааны зөрчлийн төвд оршиж байна. Вашингтон стратегийн чухал нийлүүлэлтийн сүлжээг баталгаажуулахын тулд тэргүүлэх чип үйлдвэрлэгчдийг АНУ-д үйлдвэрлэлээ өргөжүүлэхийг шахаж байгаа юм.
Бээжин өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг Тайвань нь дэвшилтэт чипүүдийн ихэнхийг үйлдвэрлэдэг. Эдгээр бичил процессорууд нь ухаалаг утас, зөөврийн компьютер, хиймэл оюуны дата төвүүдэд ашиглагдана.
Саяхан болсон дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад Тайванийн асуудлыг буруу зохицуулах нь хоёр их гүрний харилцааг “маш аюултай нөхцөл байдалд” хүргэж болзошгүйг анхааруулсан.
TSMC нь Тайвань доторх хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ АНУ, Герман, Япон улсад үйлдвэрлэлээ өргөжүүлж байгаа ч энэ нь Вашингтон эсвэл Бээжингийн дарамтын хариу арга хэмжээ биш гэдгийг Хуан онцолжээ.
Мөн “Бид хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан Тайванийн гадна хүчин чадлаа нэмэгдүүлдэг. Хэрэглэгчид биднийг тэнд очихыг хүсэж байгаа болохоос засгийн газруудын шаардлагаар биш” гэжээ.
Гэхдээ дэлхийн хамгийн дэвшилтэт чипийг хаана үйлдвэрлэх вэ гэсэн асуултад Хуан “Хамгийн өндөр түвшний үйлдвэрлэл Тайваньд хэвээр үлдэнэ” гэж товч, тодорхой хариулжээ.
Түүний хэлснээр үйлдвэрлэлийн бүх экосистемийг АНУ руу шилжүүлэхэд тав, арван жил, магадгүй түүнээс ч урт хугацаа шаардагдана.
Энэ нь АНУ-ын аж үйлдвэрийн бодлогын зорилготой шууд зөрчилдөж, Вашингтон TSMC-ийг Аризона дахь үйл ажиллагаандаа 165 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээлгээд байгаа юм.
AI-ийн өсөлт үү, хөөс үү?
Компанийн зүгээс бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх талаар эцсийн шийдвэр гаргаагүй байгаа ч “Инфляц зардлыг нь нэмэгдүүлсэн” гэдгийг Хуан баталжээ. Чипийн эрэлт огцом өссөн ч эрэлтийг гүйцэхийн тулд ихээхэн дарамт ирж байгааг мөн хүлээн зөвшөөрсөн байна.
Нөгөө талд хөрөнгө оруулагчид хиймэл оюуны дэд бүтцэд чиглэсэн асар их хөрөнгө оруулалт удаан хугацаанд үргэлжлэх эсэхэд эргэлзэж эхэлсэн тул хөрөнгийн зах зээлд ч дарамт нэмэгдэж буй.
Энэ долоо хоногийн эхээр Азийн технологийн компанийн хувьцаанууд огцом унасан нь хувьцааны үнэлгээ хэт өндөр болсон гэх болгоомжлолтой холбоотой.
Хуан хиймэл оюуны өсөлтийг удахгүй хагарах хөөс гэж үзэхгүй байгаагаа илэрхийлээд “AI-ийн энэ мегатрэндэд бид итгэлтэй байгаа. Бид хэрэглэгчидтэйгээ, мөн хэрэглэгчдийнх нь хэрэглэгчид болох томоохон үүлэн үйлчилгээ үзүүлэгчидтэй байнга ярилцдаг” гэж тэр хэлжээ.
Түүний хэлснээр “Эдгээр компаниуд санхүүгийн асар их нөөцтэй учраас цаашид ч хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэх чадвартай гэдэгт бид итгэдэг” гэж Хуан онцолсон байна.