Өнгөрсөн амралтын өдрүүдээр

Өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээ өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө.  Тус арга хэмжээг НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, "Скай Резорт" цогцолбортой хамтран Богд хан уулын Хүрхрээгийн аманд зохион байгуулсан байна. “Улаанбаатар өвлийн наадам 2019” арга хэмжээний нээлтийн ёслолд нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал болон өвлийн наадамд оролцож буй тамирчид оролцлоо.

Нээлтийн ажиллагааны үеэр өвлийн наадмын тэмцээнд оролцож байгаа тамирчид, шүүгчид андгай өргөж, Монголын үндэсний тоглоом наадгай болох Мөсөн сурын харвааны УАШТ, Мөсний шагайн харваа болон Снөүбоардын УАШТ, Цана, Параглайдинг, Рагбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнүүд тус тус амжилттай болов. Мөн үндэсний урлагийн тоглолт, шувуулахуй болон махчин шувуудын танин мэдэхүйн хөтөлбөр, дөрвөн дугуйт мотоцикл, нохой чарга, мөсөн хананд авиралт, гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээнүүд тус тус зохион байгуулагдсан юм.

Тэмцээнд дотоод гадаадын 800, гадаадын 40 тамирчид оролцож ОХУ-ын Буриад улсаас 10, Тува улсаас 10, ӨМӨЗО-оос 20 сур харваачид хүрэлцэн ирж цэц мэргэнээ сорьжээ.

“Улаанбаатар өвлийн наадам 2019” арга хэмжээний үеэр Ulaanbaatar City tour хотын аялалын автобус Д.Сүхбаатарын талбайгаас “Скай ресорт” цогцолбор чиглэлд 11:00, 13:00, 15:00, 17:00 цагуудад, “Скай ресорт” цогцолбороос Сүхбаатарын талбай чиглэлд 12:00, 14:00, 16:00, 19:30 цагуудад иргэдэд үнэ төлбөргүй үйлчилсэн байна.