Бүүкерийн шагналтнаар Тайваний зохиолч Ян Шуан-Зи тодорлоо

Олон улсын утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох Олон улсын Бүүкерийн шагналын (International Booker Prize) эзнээр Тайванийн зохиолч Ян Шуан-Зи тодорлоо. Тэрээр "Тайванийн аяллын тэмдэглэл" бүтээлээрээ уг шагналыг хүртжээ. Тус бүтээлийг Лин Кинг мандарин хятад хэлнээс англи руу дуун хөрвүүлсэн аж. 

Шагналын эздийг Лондон хотын "Tate Modern" музейд болсон ёслолын ажиллагааны үеэр зарласан бөгөөд 50 мянган фунт стерлингийн мөнгөн шагналыг зохиолч болон орчуулагч хоёр тэнцүү хуваан хүртэх юм. "Тайванийн аяллын тэмдэглэл" роман нь 1938 оны Японы колоничлолын үеийн Тайванийг дүрсэлсэн, аяллын тэмдэглэл хэлбэрээр бичигдсэн түүхэн роман аж. Японы нэгэн эмэгтэй зохиолч Тайванийг тойрон аялж, орчуулагч бүсгүйтэй дотно харилцаа үүсгэхийн зэрэгцээ колоничлол, эрх мэдэл, үндэсний ялгарал зэрэг томоохон сэдвүүдийг уг бүтээлд хөнджээ. 

Шүүгчдийн зөвлөлийн дарга, зохиолч Наташа Браун уг романыг “Хайрын түүх, түүхэн дурсамж болон колоничлолын дараах нийгмийг хурц шүүмжлэлийг олон давхаргат бүтэц дотор чадварлаг нэгтгэсэн бүтээл” хэмээн тодорхойлжээ. Мөн "Уг романд гадаад хэл дээрх уран зохиолыг англи хэл рүү хөрвүүлэх явцад гардаг хүндрэл бэрхшээлийг огтхон ч нуугаагүй. Харин ч эсрэгээрээ өмнөх үг, зүүлт тайлбар, төгсгөлийн үг зэргийг ухаалгаар ашиглан, хайрын түүхийн гадуур уран зохиолын ер бусын далд давхаргыг бүтээж өгчээ. Орчуулагч Лин Кингийн чадварлаг хөрвүүлэг нь тус романы өгүүлэмжийн өнгө аясыг туйлын мэдрэмжтэйгээр уншигчдад хүргэж байна. Шүүгчдийн хувьд бид энэхүү бүтээлийн олон талт давхарга, гүн гүнзгий утга санааны талаар баялаг хэлэлцүүлэг өрнүүлж, маш их таашаал авлаа. Энэ бол уншигчийг соронз мэт татах, нарийн нямбай бичиглэлээр тун ухаалаг сэдвийг буулгасан роман" хэмээн онцолжээ.