Хятад улс онлайн ажлын платформуудаар дамжуулан мэдээлэлтэй хүмүүсийг элсүүлж байгааг анхааруулав

АНУ, Их Британи зэрэг улсуудыг багтаасан тагнуулын хамтын ажиллагааны “Таван Нүд” эвслийн аюулгүй байдлын байгууллагууд хамтарсан сэрэмжлүүлэг гаргалаа. Сэрэмжлүүлгээр Хятадын тагнуулын байгууллагууд онлайн ажлын платформуудыг ашиглан эмзэг мэдээлэлд хандах боломжтой хүмүүсийг идэвхтэй элсүүлж байгаа талаар анхаарууллаа.

“Нууц мэдээллээ хамгаалах нь” нэртэй уг сэрэмжлүүлэгт Хятадын цэргийн тагнуулын байгууллагууд мэргэжлийн сүлжээний сайтууд болон онлайн ажилд зуучлах үйлчилгээнүүдийг өргөнөөр ашиглан төрийн байгууллага, зэвсэгт хүчин болон нууц мэдээлэлд нэвтрэх боломжтой хүмүүсийг онилж байгаа талаар дурджээ.

АНУ, Их Британи, Канад, Австрали, Шинэ Зеландын дотоодын аюулгүй байдлын байгууллагууд хамтарсан мэдэгдэлдээ “Хятадын цэргийн тагнуулын байгууллагуудын эцсийн зорилго нь “Таван Нүд” эвслийн орнуудын эсрэг стратегийн болон тактикийн давуу тал олгох боломжтой цэрэг, улс төр, эдийн засгийн давуу эрхтэй мэдээллийг олж авах явдал юм” гэжээ.

Өмнө нь тус тусдаа улс орнууд ижил төстэй анхааруулга гаргаж байсан боловч ийм төрлийн хамтарсан мэдэгдэл гарсан нь урьд өмнө байгаагүй тохиолдол аж.

Харин Бээжин ийм төрлийн тагнуулын ажиллагааны тухай мэдэгдлүүдийг удаа дараа няцааж, “цэвэр зохиомол төдийгүй хортой гүтгэлэг” гэж нэрлэсээр иржээ.

Мэдэгдэлд дурдсанаар Хятадын тагнуулууд батлан хамгаалах, гадаад харилцаа, тагнуулын чиглэлээр ажилладаг хүмүүс, мөн цэргийн алба хаагчдыг, ялангуяа Энэтхэг-Номхон далайн бүсэд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдыг онцгойлон онилж байгаа гэнэ.

Мөн сэтгүүлчид, судалгааны хүрээлэнгийн ажилтнууд болон төрийн мэдээлэлд шууд бус байдлаар нэвтрэх боломжтой хүмүүс ч эрсдэлд өртөж болзошгүй гэжээ.

Тус мэдэгдэлд Хятадын тагнуулууд “онлайнаар элсүүлэх стратеги” ашигладаг. Амжилттай элсүүлсэн хүмүүсээс дараа нь “Хятадын засгийн газартай холбоотой тодорхойгүй үйлчлүүлэгчдэд” зориулан нууц мэдээлэл өгөхийг шаардаж эхэлдэг гэж дурдсан байна.

Элссэн хүмүүс нэг тайлан тутамдаа хэдэн зуугаас хэдэн мянган ам.долларын хөлс авах боломжтой бөгөөд илүү эмзэг, өндөр зэрэглэлийн мэдээлэл өгөх тусам илүү өндөр төлбөр санал болгодог гэж мэдэгдэлд өгүүлжээ.

АНУ өмнө нь Хятадын тагнуулын байгууллагууд одоогийн болон хуучин төрийн албан хаагчдыг хууран мэхлэх аргаар онилдог талаар анхааруулж байсан юм.

Мөн өнгөрсөн арваннэгдүгээр сард Их Британийн дотоодын аюулгүй байдлын алба болох MI5 парламентын гишүүдэд хандан Хятадын агентууд парламент дотор тагнуул хийх оролдлого хийж байгаа талаар сэрэмжлүүлж байжээ.