ХБНГУ-ын соёлыг түгээх зорилгоор Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын "Дойче Шуле" сургуулийн эцэг эхчүүд сургалтын төлбөр 55 хувиар нэмснийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, Боловсролын ерөнхий газарт гомдол гаргажээ. Тодруулбал, тухайн сургууль анх төлбөрөө 30 хувь нэмэх тухай мэдээллийг эцэг, эхчүүдэд албан бусаар мэдэгдэж байсан ч шууд 55 хувиар нэмэх болсон тухай цахим шууданг эцэг эхчүүдэд илгээсэн байна. Эцэг эхчүүд төлбөрийн өсөлтийн бодит үндэслэл, сургуулийн цаашдын төлөвлөгөө, мөн нэмэгдсэн төлбөрийг юунд, хэрхэн зарцуулах талаар дэлгэрэнгүй тооцоо мэдээллийг хүссэн ч хариу өгөхгүй байгаа бөгөөд багш нарын цалин нэмэгдсэнтэй холбоотой гэж албан бусаар тайлбарласан байна.
Мөн ирэх хичээлийн жилийн суудал баталгаажуулах учраас төлбөрийн тодорхой хувийг 2026 оны тавдугаар сарын 31-ны дотор урьдчилж төлөх, үлдсэн төлбөрийг есдүгээр сарын 31-ны дотор төлж барагдуулахыг шаардсан байна.
Тус сургууль өмнө нь 2024-2025 онд 55, 2025-2026 онд 20 хувиар төлбөрөө нэмсэн байна. Тухайн үедээ ч мөн адил нэмсэн шалтгаанаа багш нарын цалин нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байжээ.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан хувийн сургуулиудын төлбөрийн нэмэгдлийн талаар өөрийн байр сууриа илэрхийлэхдээ, “Үнэ нэмэгдэх тодорхой шалтгаантай байх ёстой. Яагаад нэмэгдүүлж байгаагаа ил тод тайлбарлаж, үндэслэлээ хамгаалах хэрэгтэй. Хэрэв үнэхээр зайлшгүй нөхцөл байдал үүссэн бол түүнийгээ нотолж чадвал зөвшөөрнө. Харин үндэслэлгүйгээр үнэ нэмбэл зөвшөөрөхгүй” хэмээн онцолж байсан юм.

