Тайландын хямд өртөгтэй агаарын тээврийн компани болох Thai Lion Air АНУ–Израилийн Ираны эсрэг дайны улмаас өссөн нисэхийн түлшний зардлыг бууруулах зорилгоор 2026 оны 6-9 дүгээр сарын хооронд 15-аас дээш чиглэлийн нислэгийн үйл ажиллагаагаа танах шийдвэр гаргажээ.
Энэхүү өөрчлөлтөд БНХАУ, Япон, Энэтхэг, Индонез, Сингапур, Балба зэрэг олон улсын аялал жуулчлалын чухал чиглэлүүд багтаж байна.
Тухайлбал, жуулчдын дунд эрэлт өндөртэй Пхукет–Сингапурын чиглэлийн нислэгийг 6-р сарын 3-наас 8-р сарын 1 хүртэл бүрэн зогсоохоор болжээ. Үүний дараа 8-р сард долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэх бөгөөд өмнө нь долоо хоногт дөрвөн удаа үйлддэг байсан юм.
Агаарын тээврийн компанийн мэдээлснээр Ойрхи Дорнодод үргэлжилж буй хурцадмал байдал, түүний нисэхийн салбарт үзүүлж буй нөлөө нь энэхүү зохицуулалтын гол шалтгаан аж.
АНУ болон Израилийн Ираны эсрэг дайны дараа, мөн Ормузын хоолой хаагдсанаар нисэхийн түлшний үнэ огцом өсжээ. Jet A-1 төрлийн нисэхийн түлшний үнэ мөргөлдөөнөөс өмнө нэг баррель нь ойролцоогоор 80 ам.доллар байсан бол зарим зах зээл дээр 240 ам.доллараас давсан. Нислэгийн үйл ажиллагааны нийт зардлын ойролцоогоор 30 хувийг түлш эзэлдэг тул агаарын тээврийн компаниуд нислэгийн давтамжаа бууруулах, зарим чиглэлийг түр хугацаагаар зогсоох арга хэмжээ авч эхэлжээ. Ялангуяа дунд болон урт зайн чиглэлүүд хамгийн их дарамтад орж байна.
Европын нисэхийн салбарын төлөөлөгчид Иран дахь дайн удаан үргэлжилбэл нийлүүлэлтийн сүлжээ доголдох, үйлдвэрлэлийн зардал өсөх, нисэх онгоцны үйлдвэрлэл удаашрах эрсдэлтэйг анхааруулсан байна.
Үүнээс өмнө Нидерландын агаарын тээврийн компани KLM Ойрхи Дорнодын хэд хэдэн чиглэл рүү нислэгээ 7-р сарын дунд үеэс өмнө сэргээхгүй гэдгээ мэдэгдсэн.
Air France-KLM группийн бүрэлдэхүүнд багтдаг KLM компанийн мэдээлснээр Дубай чиглэлийн нислэгүүдийг 8-р сарын 2 хүртэл түр зогсоосон. Мөн Саудын Арабын Riyadh болон Dammam хотууд руу хийх нислэгүүдийг дор хаяж 7-р сарын 12 хүртэл сэргээхгүй аж.
Бусад орнуудын агаарын тээврийн компаниуд ч мөн адил хүндрэлтэй тулгарч байна. Энэтхэгийн томоохон агаарын тээврийн компаниуд болох Air India, IndiGo болон SpiceJet компаниуд Иран дахь дайны улмаас үйл ажиллагааны зардал эрс нэмэгдсэн тул дотоодын нисэхийн түлшний үнийн төлөвлөсөн өсөлтийг хойшлуулахыг төрийн өмчит газрын тосны компаниудаас хүссэн байна.
Блүүмбергийн мэдээллээр Энэтхэгийн төрийн өмчит Indian Oil Corporation, Hindustan Petroleum Corporation болон Bharat Petroleum компаниуд дотоодын нисэхийн түлшний үнийг 6-р сараас эхлэн 25 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжийг хэлэлцэж байсан юм.
Thai Lion Air компани зорчигчдод захиалгын мэдээллээ тогтмол шалгаж байхыг зөвлөжээ. Учир нь түлшний үнэ болон зорчигчдын эрэлтээс хамааран нислэгийн хуваарьт цаашид дахин өөрчлөлт орох магадлалтай байна.