НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр төлөөлөгч Александр Дэ Крүү өнгөрсөн баасан гарагт Сөүл хотноо өгсөн ярилцлагадаа “Нөхцөл байдал өөрчлөгдвөл бид Умард Солонгост салбараа нээх асуудлыг дахин судалж үзэх хэрэгтэй болно” хэмээн хэлжээ.
“Бид одоогоор Умард Солонгост төлөөлөгчийн газаргүй. Өмнө нь байсан ч биднийг гарахыг хүссэн. Нөхцөл байдал өөрчлөгдөхгүй л бол тэнд байх ямар ч утгагүй” гэдгийг мөн онцолсон байна.
Энэ мэдэгдэл нь Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам НҮБ-ын тус агентлаг энэ оны эхний хагаст Умард Солонгост үйл ажиллагаагаа сэргээх төлөвлөгөөтэй байгааг ил болгосны дараа гарчээ. Дэ Крүү тодорхой дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр сүүлийн хэдэн жилийн турш тус улсад дахин нэвтрэх арга зам хайж байсан нь мэдэгдэж байгаа юм.
НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр анх 1980 онд Пёньян хотод төлөөлөгчийн газраа нээж, Умард Солонгост байр сууриа тогтоосон анхны НҮБ-ын агентлагуудын нэг болсон. Тус байгууллага хүнсний хангамж, байгаль орчин зэрэг олон салбарт дэмжлэг үзүүлж байсан ч 2007 оны гуравдугаар сард санхүүжилтийг Умард Солонгосын засгийн газар руу шилжүүлсэн гэх хардлагын улмаас үйл ажиллагаагаа зогсоожээ.
Үйл ажиллагаа нь 2010 оны орчимд хэсэгчлэн сэргэсэн гэж мэдээлэгддэг боловч Ковид-19 цар тахлын үеэр олон улсын болон хүмүүнлэгийн бүх ажилтнууд тус улсаас гарснаар дахин тасалдсан байна. Умард Солонгос дахь НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн сүүлчийн төсөл 2020 онд дуусжээ.
Дэ Крүү Сөүлд болсон “Global AI Hub” санаачилгын нээлтэд оролцохоор айлчилсан байна. Энэхүү төсөл нь хиймэл оюун ухаан (AI)-аар дамжуулан дэлхийн хямралуудыг шийдвэрлэх олон улсын тогтолцоо бий болгох зорилготой аж.
Тэрээр уг төслийн талаар өөдрөг байр суурьтай байгаагаа илэрхийлээд “Global AI Hub байгуулагдаж байгаа нь бидний хувьд маш эерэг зүйл. Учир нь AI бол хөгжлийг хурдасгах хамгийн хүчтэй хэрэгслүүдийн нэг. AI хүмүүсийн чадавхыг нэмэгдүүлж, хурдан шийдэл олоход тусалдаг” гэж хэлжээ.
Мөн “Хөгжлийг хурдасгана гэдэг нь хүмүүст илүү олон боломж, үйлчилгээ хүрэх нөхцөл бүрдүүлж байна гэсэн үг” хэмээн тайлбарласан байна.
Одоогоор тус санаачилгад НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрөөс гадна Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар зэрэг НҮБ-ын есөн байгууллага оролцож байгаа аж.
Дэ Крүү AI нь хүмүүст шууд хоол хүнс өгөх эсвэл орон сууц барихгүй ч хүмүүнлэгийн тусламжийн чанарыг сайжруулж, илүү хүртээмжтэй болгоход чухал нөлөөтэйг онцолжээ.
“AI өөрөө хоол ширээн дээр тавихгүй, байшин барихгүй. Гэхдээ одоо хийж буй ажлыг илүү хурдан, хямд, хүртээмжтэй болгох арга хэрэгсэл юм” гэж тэр хэлсэн байна. Түүний үзэж байгаагаар AI нь өөрөө зорилго биш бөгөөд одоо хэрэгжиж буй төслүүдийн үр нөлөөг сайжруулах хэрэгсэл аж.
Мөн тэрээр Өмнөд Солонгосыг дайнд сүйрсэн орноос дэлхийн хамгийн баян орнуудын нэг болсон “гайхамшигт амжилтын түүх” хэмээн үнэлжээ. Мөн олон улсын тогтолцоо дарамтад орж буй энэ үед Өмнөд Солонгос олон талт хамтын ажиллагааг тууштай дэмжиж байгааг сайшаасан байна.
Түүнчлэн Солонгосын удирдан хэрэгжүүлж буй “R.E.V.I.V.E” хүмүүнлэгийн санаачилгыг онцолсон байна. Энэхүү 64 сая ам.долларын төсөл нь Сири, Украин, Палестин, зэрэг дайн, гамшигт өртсөн зургаан улсад ажлын байр бий болгох, дэд бүтэц сэргээх, нийгмийн суурь үйлчилгээг дахин ажиллуулахад чиглэж байгаа аж.
Дэ Крүү мөн хувийн хэвшлийн оролцоог онцолж “Бид ихэвчлэн Самсунг зэрэг компаниудтай хамтарч үйлчилгээ авдаг. Тэд маш хүчирхэг нийлүүлэлтийн сүлжээ, бүтэцтэй учраас бид аль болох ашиглахыг хичээдэг” гэжээ.
Тэрээр Персийн булангийн бүс нутгийн хямрал дэлхийн хөгжилд ноцтой нөлөө үзүүлж байгааг анхааруулсан байна. “Сүүлийн хэдэн арван жилд гарсан ахиц дэвшлийн ихэнхийг энэ хямрал арчиж байна. Нөлөө нь зөвхөн булангийн бүсээр хязгаарлагдахгүй. Ес, аравдугаар сар гэхэд хүнсний хангамжийн асуудал үүсэх нь аль хэдийн тодорхой болсон” хэмээн анхааруулсан байна. Түүний үзэж байгаагаар дэлхий олон туйлт эринд шилжиж, удирдлага илүү тархай бутархай болсон нь томоохон хямралуудад нэгдсэн хариу арга хэмжээ авахад хүндрэл учруулж байгаа аж.
“Ийм төрлийн хямралуудтай тэмцэхэд шаардлагатай манлайллыг дэлхий өнөө хэр нь олж чадаагүй байна” гэж дүгнэжээ.