Дэлхийн шатрын тэрбумтан лидерүүд Монголд ирнэ

Насанд хүрэгчдийн Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээн 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 7-нд Улаанбаатар хотод болно. Уг тэмцээнд Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Аркадий Владимирович Дворкович, Казахстан улсын тэрбумтан Тимур Турлов, Герман улсын тэрбумтан Вадим Розенштэйн нар оролцоно. Дэлхийн шатрын тэрбумтан лидерүүд Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатарын урилгаар манай улсад ирэх юм.

Сингапур улсад 2026.05.02-нд болсон Азийн шатрын лидерүүдийн чуулганд Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар “Засаглал ба шатар” сэдвээр илтгэл тавьж, Дэлхийн хошой аварга шатарчин, Германы тэрбумтан Вадим Розенштэйнтэй халз тоглож, хожсон. Вадим Розенштэйн уг тоглолтын дараа Г.Занданшатарыг “WR Chess” багт нэгдэн, 6 дугаар сарын 17-21-нд Хонконгт болох Дэлхийн багийн рапид, блиц тоглолтын аварга шалгаруулах тэмцээнд оролцохыг урьсан юм. “WR Chess” бол Магнус Карлсен, Фабиано Каруана, Уэсли Со, Максим Вашье-Лаграв, Ян-Кшиштоф Дуда, Хоу Ифань, Александра Констенюк зэрэг Дэлхийн шилдэг их мастеруудыг багтаасан оддын баг юм. Уг урилгыг Г.Занданшатар хүлээн авч, эргээд Вадим Розенштэйнийг эх орондоо болох ААШТ-д урьсан юм.

Казахстан улсын Алматы хотод 4 дүгээр сарын 7-10-нд болсон сургуулиудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Г.Занданшатар Аркадий Владимирович Дворковичийн урилгаар Монголынхоо тамирчдыг дэмжин оролцсон. Тус тэмцээний үеэр “Freedom holding” грүппийн гүйцэтгэх захирал, Казахстаны шатрын холбооны ерөнхийлөгч Тимур Турлов Г.Занданшатар нар нөхөрсөг халз тоглолт хийсэн юм. Тоглолтын дараа Г.Занданшатар Тимур Турловыг улсдаа урьжээ. Тимур Турловыг “Forbes” сэтгүүл Казахстаны хамгийн баян хүнээр тодруулсан байдаг.