Баян-Өлгий аймаг хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлажээ

Баян-Өлгий аймгийн Алтай суманд малын халдварт өвчин батлагдсантай холбогдуулан аймгийн Онцгой комисс 5-р сарын 25-ны өдрийн 00:00 цагт шуурхай хуралдаж, хорио цээрийн хатуу дэглэм тогтоох шийдвэр гаргажээ. Тус шийдвэрийн хүрээнд Өлгий Бугат, Алтай сум чиглэлийн авто замын хөдөлгөөнийг бүрэн хааж, халдварын тархалтыг хумих зорилгоор хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

Мөн Алтай, Бугат сумын нутаг дэвсгэр болон бусад 6 чиглэлд байнгын хяналтын пост ажиллуулж байна. Постуудад Онцгой байдал, Цагдаа, Мал эмнэлэг, Эрүүл мэндийн байгууллагын алба хаагчид хамтран үүрэг гүйцэтгэж, ариутгал халдваргүйтгэлийг тасралтгүй зохион байгуулж байгаа талаар Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Мөн 5-р сарын 26-ны өдрөөс эхлэн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж, тухайн бүс рүү орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хориглолоо. Үүнээс гадна олон нийтийг хамарсан бүх төрлийн арга хэмжээ, уулзалт, баяр ёслол, спортын тэмцээн зохион байгуулахыг хориглосон байна.Албаныхны мэдээлснээр, өвчний голомт бүсэд тандалт, хяналт эрчимжиж, малын шилжилт хөдөлгөөнд бүрэн хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд халдварын хүрээг тогтоох, цаашдын эрсдэлийг бууруулах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байна.

Аймгийн Онцгой комиссоос иргэд, малчдыг мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг чанд мөрдөж, дур мэдэн зорчихгүй байх, худал ташаа мэдээлэл түгээхгүй байхыг анхаарууллаа.