Агуйн шумбагчид усанд автсан нарийн хонгилуудаар шахцалдан орж, Лаост бараг долоо хоног газар доор гацсан долоон хүнийг аврах нарийн ажиллагаа явуулж байна.
Тосгоны иргэд өнгөрсөн лхагва гарагт алт хайхаар Лаосын төв хэсгийн Сайсомбун муж дахь агуй руу орсон ч хүчтэй аадар борооны улмаас үер бууж, гарах гарцыг хаасан гэж Associated Press агентлаг Лаос болон Тайландын аврах багуудаас эш татан мэдээлжээ.
2018 онд Тайландад болсон өсвөрийн хөлбөмбөгийн багийг агуйгаас аврах ажиллагаанд оролцож байсан Тайландын хоёр, Финландын нэг шумбагч даваа гарагт газар дээр нь ирж, гацсан тосгоны иргэдийг агуйгаас гаргах ажиллагаанд нэгдсэн талаар Laophattana News мэдээлэв.
Гацсан иргэдэд хүрэхийн тулд аврагчид 340 метр урт хонгилоор явах шаардлагатай гэж аврах ажиллагааг зохицуулж буй бүлгүүдийн нэг болох MTK Command and Control Center мэдээлжээ.
Хонгилын хамгийн нарийн хэсэг нь ердөө 60 см өргөн тул ихэнх замыг мөлхөж туулах шаардлагатай аж.
Аврах багууд агуйн нарийн систем дэх хүчилтөрөгч болон хорт хийн түвшнийг хянахын тулд ус нэвтрэхгүй дуулга, амьсгалын маск, хийн хэмжигч төхөөрөмжүүд авч явжээ.
Сайн дурын Metta Dhamma Rescue Kalasin бүлгийн нийтэлсэн дүрс бичлэгт аврах багийн бусад гишүүд агуйн гадна хадны завсраар кабель татаж, аврагчдыг агуйн гүн хэсэг рүү чиглүүлж байгаа нь харагдсан байна.
Associated Press агентлагийн мэдээлснээр, гарц хаагдахаас өмнө оргож чадсан иргэдийн нэг гишүүн эрх баригчдад энэ тухай мэдээлжээ. Энэ талаар Лаосын “Rescue Volunteer for People” байгууллагын тэргүүн Боункам Луанглат тайлбарлажээ.
Гацсан гэж үзэж буй долоон хүн амьд байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Эрх баригчид удаа дараа аюулгүй байдлын анхааруулга өгсөн ч тосгоны иргэд уг бүсэд алтны орд хайхаар тогтмол очдог гэж Луанглат хэлжээ.
CNN агентлаг Лаосын Гадаад хэргийн яамнаас тайлбар авахаар хандсан байна. Зүүн Өмнөд Азийн энэ улс нь нэг намын коммунист дэглэмтэй бөгөөд мэдээллийн тархалтыг хатуу хянадаг орон юм.