Уулын замд мөс тээглэснээс болж энэ жил авиралтын улирал оройтож эхэлсэн ч лхагва гарагт Балбын нутгаар дамжин Эверестийн оргилд гарсан хүний тоо 274-д хүрч дээд амжилт тогтоолоо.
Уулчид цаг агаарын таатай нөхцөлийг ашиглан оргилд гарах гэж оролдсон тухай Аялал жуулчлалын газрын албан тушаалтан Химлал Гаутам "Эверест Кроникл" сонинд ярьжээ. Авиралт орон нутгийн цагаар 03:00 цагт эхэлж, 11 цаг үргэлжилсэн байна.
Лхагва гаргийн энэхүү амжилт нь 2019 оны 5-р сарын 22-нд Балбын өмнөд хэсгээс 223 уулчин авирсан дээд амжилтыг давсан үзүүлэлт юм.
2019 оны 5-р сарын 22-нд Төвөдийн хойд замаар 113 уулчин оргилд гарсан боловч Хятад улс энэ улиралд гадаадын уулчдад энэ замыг хаасан билээ.
Балбын засгийн газар энэ жил 8849 метр өндөр оргилд авирах зөвшөөрлийг гадаадын 500 гаруй уулчинд олгожээ.
Энэ долоо хоногт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тархсан зургуудаас харахад далайн түвшнээс дээш 8000 метрийн өндөрт орших "үхлийн бүс" гэгддэг уулын хэсэгт цастай налуугаар уулчдын урт цуваа мушгирч байгааг харуулж болно.
Ихэнх уулчид энэ өндөрт нэмэлт хүчилтөрөгч хэрэглэдэг бөгөөд уулын мэргэжилтнүүд үхлийн бүсэд 20 цагаас илүү хугацаагаар байхыг хориглодог юм.
Дэлхийн хамгийн өндөр ууланд авирах жуулчдын тоо өссөнтэй зэрэгцээд зөвшөөрлийн хураамж ч огцом нэмэгджээ. Өнгөрсөн оны есдүгээр сараас хойш уулчид зөвшөөрөл авахын тулд 15 000 доллар төлөх шаардлагатай болсон билээ.