Мотокроссын лигийг таван гараатай зохион байгуулна

Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лигийг Монголд анх удаа зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, ирэх сарын 6, 7-нд Төв аймгийн Зуунмод хотын “Эрдэнэ уул” хэмээх газар тус уралдаан болох аж. Монголын автомашин, мотоциклын спортын холбооноос зохион байгуулж байгаа энэхүү гранпри нь манай мотокроссын спортын хөгжлийг шинэ шатанд гаргах зорилготой үндэсний хэмжээний лиг бөгөөд зуны турш нийт таван гараатайгаар зохион байгуулна. Уралдааныг 450cc, 250cc, 85cc, 65cc, 50cc, нээлттэй ангиллаар явуулах бөгөөд мэргэжлийн болон өсвөрийн тамирчид болон сонирхогчид оролцох боломжтой. Лигээр 450сс буюу мэргэжлийн тамирчдын ангилалд багийн систем нэвтрүүлэх бөгөөд баг бүр үндсэн гурав, сэлгээний нэг тамирчинтай өрсөлдөнө. Гараа бүрд оноо цуглуулж, нийлбэр дүнгээр шилдэг тамирчид болон багуудыг тодруулах аж. Зохион байгуулагчдын мэдээлснээр тус лигийг зөвхөн спортын тэмцээн бус энтертайнмент фестиваль хэлбэрээр зохион байгуулах бөгөөд үзэгчдэд зориулсан шоу, хамтлаг, дуучдын тоглолт, нэмэлт эвентүүдийг үзүүлэх аж. Мэргэжлийн тамирчдын уралдах 450сс ангиллын таван гарааны нийт шагналын сан 200 сая төгрөг байна.

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Халиунболд “Лигийн форматаар маш гоё тэмцээн зохион байгуулахаар болсныг сонсоод оролцохоор 10 хоногийн өмнө эх орондоо ирлээ. Багаараа бэлтгэлээ хийгээд жигдэрч байна. Сүүлийн жилүүдэд ралли төрлийн уралдаанд оролцлоо. Кроссоор уралдаагүй олон жил болжээ. 2019 оноос хойш кроссоор уралдаагүй гэхэд болно. 2023 онд нэг тэмцээнд оролцсоныг эс тооцвол одоо л долоон жилийн дараа дахин мото кроссоор уралдах гэж байна гэсэн үг. Сэтгэл их хөдөлж байна. Энэ сайхан тэмцээнийг зохион байгуулж байгаа хүмүүст баярласнаа илэрхийлье” хэмээв.

Мотокроссын анхдугаар лигт “Ямаха”, “КТМ”, “Гас Гас”, “Номадик”, “Кове” гэсэн таван баг оролцохоор мэдүүлэг өгчээ. Тэгвэл “Ямаха”-гийн зүгээс Япон, Филиппинээс легионер авчрахаар зэхэж байгаа аж.

1-р гараа: Зургаадугаар сарын 7, 8

2-р гараа: Зургаадугаар сарын 19, 20

3-р гараа: Долоодугаар сарын 24, 25

4-р гараа: Наймдугаар сарын 7, 8-

5-р гараа: Наймдугаар сарын 21, 22-нд болсноор мотокроссын лиг өндөрлөнө. Хэвлэлийн бага хурлын үеэр багуудын төлөөлөл шинэ улиралд өрсөлдөөн өндөр түвшинд өрнөнө гэдгийг онцолж, үзэгчдийг талбай дээрээс уралдааны уур амьсгалыг мэдрэхийг уриаллаа.