Гурван улсын цайны соёлыг танилцуулав

Орос, Монгол, Хятад гурван улсын дипломат харилцаа, соёл, найрамдлыг илэрхийлэх гэрэл зургийн үзэсгэлэн, цайны соёлыг өдөрлөгийг зохион байгуулав. 

Цай бол олон зууны турш ард түмнүүдийн зочломтгой зан, нөхөрлөл, харилцан ойлголцлын бэлгэ тэмдэг болсоор иржээ. Цай уух ёс заншлаар дамжуулан соёлын үнэт зүйлс, харилцааны гүн ухаан, ярилцагчаа хүндэтгэх уламжлал үеэс үед өвлөгдсөн аж.

Хятадад цайны ёслол мянга гаруй жилийн өмнө үүсэж, тус улсын оюун санааны соёлын салшгүй хэсэг болсон. Монголд зочдыг эртнээс анхилуун үнэртэй сүүтэй цайгаар дайлж ирсэн нь хүндэтгэл, сайн санааны илэрхийлэлд тооцогддог. Харин Орост самовартай цай уух уламжлал нь гэр бүл, найз нөхдийн уулзалтын салшгүй хэсэг болж, хүмүүсийг нэг ширээний ард нэгтгэдэг.

Монгол, Орос, Хятадын цайны соёл нь олон зууны турш Их цайны замын дагуу бүрэлдэн хөгжиж, эдгээр улсыг зөвхөн худалдаа арилжаагаар бус, соёлын харилцаа, солилцоогоор холбож ирсэн ач холбогдолтой. Орос оронд цайг чанамал, баранки хэмээх уламжлалт боовтой хамт ууж амталдаг бол Хятадад олон зууны түүхтэй цайны ёслолыг гүн хүндэтгэлтэй эрхэмлэдэг. Харин Монголд давс, сүүтэй цай нь байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах ухаан, эв нэгдэл, зочломтгой сэтгэлийн илэрхийлэл болдог гэдгийг зохион байгуулагчид тодотгов.