Володимир Зеленськийн Тамгын газрын даргыг томоохон авлигын хэрэгт сэжигтнээр нэрлэлээ

Украины эрх баригчид Ерөнхийлөгч Володимир Зеленськийн Тамгын газрын дарга асан Aндрие Ермакийг томоохон авлигын сэжигтнээр нэрлэснээ мэдэгдлээ. 

Өнгөрсөн жил өргөн хүрээтэй мөрдөн шалгалт эхэлснээр Киевийн улс төрийн хүрээ цочролд орж, олон нийтийн бухимдлыг өдөөсөн юм. Үүний дараа Ерөнхийлөгчийн гол зөвлөх, баруун гар гэгддэг Aндрие Ермак огцорч байв.

Мэдэгдэлдээ Украины авлигатай тэмцэх байгууллагууд Ермакыг нийслэл Киевийн ойролцоох тансаг орон сууцны төслөөр дамжуулан ойролцоогоор 10.5 сая ам.доллар угаасан гэмт бүлэглэлд оролцсон гэж сэжиглэж байгаагаа дурджээ.

Украины хуулийн дагуу байгууллагууд түүний нэрийг албан ёсоор зарлаагүй ч орон нутгийн хэвлэлүүд Ермак гэж мэдээлсэн байна.

Radio Liberty-д өгсөн ярилцлагадаа Ермак тухайн төсөлд үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг гэдгээ үгүйсгэсэн боловч өөр тайлбар өгөөгүй байна.

Энэ хэрэг нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард анх ил болсон өндөр түвшний авлигын өргөн хүрээтэй мөрдөн шалгалтын нэг хэсэг ажээ. Тухайн үед Зеленськийн өмнөх бизнесийн хамтрагч төрийн цөмийн агентлаг дээр 100 сая ам.долларын авлигын схем ажиллуулсан хэрэгт буруутгагдсан юм.

Мөн Зеленськийтэй ойрын холбоотой байсан өмнөх шадар сайд ч энэ мөрдөн шалгалтын хүрээнд хэрэгт татагдсан байна.

Дмитро Литвин сэтгүүлчдэд мэдээлэхдээ Ермактай холбоотой асуудал дээр одоогоор тайлбар өгөхөд эрт байна, учир нь процессын ажиллагаа үргэлжилж байгаа гэжээ.

Андрие Ермак сонгогдоогүй албан тушаалтай байсан ч Украины улс төрийн олон салбарт асар их нөлөө үзүүлдэг, Зеленськийн дараах хоёр дахь хамгийн нөлөөтэй хүн гэж үнэлэгддэг байв.

Өмнө нь кино продюсер, энтертайнмент хуульчаар ажиллаж байсан тэрээр олон нийтийн арга хэмжээнд Ерөнхийлөгчийн хажууд байнга харагддаг төдийгүй АНУ-ын дэмжлэгтэйгээр явагдсан ОХУ-тай хийх энхийн хэлэлцээний Киевийн гол хэлэлцээчээр ажиллаж байжээ.

Ермак өнгөрсөн жил огцорсон нь Ерөнхийлөгчийн Тамгын газарт төвлөрсөн эрх мэдлийн талаар гарч байсан шүүмжлэл, хардлагын дараа олон нийтийн итгэлийг сэргээх зорилготой засгийн газрын өргөн хүрээний өөрчлөлтийн нэг хэсэг болсон.