Угандын Ерөнхийлөгч долоо дахь бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэв

Африк тивийн удирдагчдаас хамгийн удаан засаглаж буй Уганда улсын Ерөнхийлөгч Йовери Мусевени 81 насандаа долоо дахь бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр тангараг өргөлөө. Нэгдүгээр сард болсон маргаантай сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсанаа зарласнаар Мусевени бүрэн эрхээ дахин таван жилээр сунгаж чадсан юм. 

Тангараг өргөх ёслолын өмнө нийслэл Кампала хотод олон нийтийн хэв журам сахиулах үүднээс хуягт танк оруулж өндөржүүлсэн бэлэн байдалд зарлажээ. Мусевени цугласан олонд хандан шинэ бүрэн эрхийнхээ хугацааг "бүх угандачуудын хувьд амсхийх цаг гэж үзэх хэрэгтэй" гэв. Мөн илүү их баялаг, ажлын байр бий болгоход анхаарлаа төвлөрүүлж, энх тайван, дэд бүтцийг хөгжүүлэх замаар сүүлийн 40 жилийн хугацаанд гаргасан ахиц дэвшлийг бататгах хэрэгтэй хэмээн өгүүлжээ. 

Мусевени сонгуульд 70 гаруй хувийн санал авч ялагчаар тодорсон ч түүний гол өрсөлдөгч, поп од, улс төрч Боби Вайн сонгуулийн дүнг үгүйсгэдэг юм. Жинхэнэ нэр нь Роберт Кьягулани Ссентаму болох 44 настай сөрөг хүчний удирдагч сонгуулийн дараа улс орноос дүрвэн гарсан байна.

1986 онд босогчдын удирдагчаар засгийн эрхэнд гарсан Мусевени долоон удаагийн сонгуульд ялалт байгуулсан түүхтэй. 40 гаруй жилийн турш эрх барьсан түүнтэй эн зэрэгцэх Африкийн удирдагчдын тоонд Конго-Браззавилийн Денис Сассу Нгуэссо, Экваторын Гвинейн Теодоро Обианг, Камеруны Пол Бияа нарыг нэрлэж болно. 

20