Томуугийн вирусын халдварын тархалт нэмэгдэх эрсдлээс сэргийлж Хотын даргын захирамжаар нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг 2019 оны хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоожээ.
Мөн дээрх хугацаанд нийслэлийн ЕБС, цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээ, кинотеатр, үзвэр үйлчилгээ болон ресторан, нийтийн хоолны газарт 0-10 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байхыг холбогдох газруудад үүрэг болгосон байна.
Бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулж, олон нийтийн газарт аль болох дагуулж явахгүй байх, улирлын байдалд нь тохируулан дулаан хувцаслах, амин дэм ихтэй илчлэг хоол хүнс хэрэглэх, амны хаалтыг тогтмол зүүлгэж хэвших, амьсгалын замын халдварт өвчин болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг эцэг эхчүүдэд уриаллаа.
Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар