Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан билээ.
Тэгвэл өнөөдөр буюу Битүүний өдөр 1, 6-аар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй. Харин маргаашнаас эхлэн хоёрдугаар сарын 10-ыг дуустал бүх тээврийн хэрэгсэл улсын дугаар харгалзахгүйгээр хөдөлгөөнд оролцох юм.
Сар шинийн баярын үеэр Тээврийн цагдаагийн албаны 320 орчим алба хаагчаас гадна Хууль сахиулахын их сургуулийн 250 оюутан, олон нийтийн цагдаа гээд нийт 800 гаруй алба хаагч хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулж, хяналт тавьж ажиллах юм байна.
Тээврийн цагдаагийн албанаас Цагаан сарын баярын өдрүүдэд жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой, сэрэмжтэй оролцохыг анхааруулж байна.