Хэнтийн нөхөн сонгуулийг ирэх зургадугаар сард явуулна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тогтоолын төслийг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зарлуулах талаар Сонгуулийн ерөнхий хорооноос 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгээр холбогдох тогтоолын төслийг зардлын тооцооны хамт тус Байнгын хороонд ирүүлжээ.  

 Нөхөн сонгуулийг энэ оны зургадугаар сарын 30-нд явуулахаар төлөвлөж, нийт зардал нь 282 сая төгрөг байхаар тогтсон байна. Өмнө нь нөхөн сонгуулийн зардлыг 228 сая төгрөгөөр тогтоож байсан. Харин энэ жил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн болон цагдаа, улсын бүртгэлийн байгууллагуудын ажилтнуудын цалин, урсгал зардлыг нэмж 282 сая төгрөг байхаар тооцжээ

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дээрх тогтоолын төслүүдийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, тогтоолын төслүүдийг батлуулахаар тогтлоо.