Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн “Нийтлэлч Отгонбаяр” сан болон "iToim" агентлагаас сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг хоёр дахь жилдээ зарлаж, 2026 оны нэгдүгээр сарын 19-нөөс 2026 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл оролцогчдоос бүтээлийг нь хүлээн авчээ.
Энэ жилийн сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаанд улс төр, эдийн засгийн нийт 44 нийтлэл ирсэн бөгөөд шүүгчдийн ирүүлсэн дүнг зарлаж, шилдэг бүтээлийн эздийг тодрууллаа.
Нэгдүгээр байрт: "Монголын баримт шалгагч төв"-ийн баримт шалгагч, сэтгүүлч Л.Анударь "Ерэн мянган долларын манипуляци" бүтээлээр,
Дэд байрт: "Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Ч.Гангэрэл "Ерөнхийлөгчийн сонгуульд бүгд харанхуй орно" бүтээлээр,
Гутгаар байрт: "Өнөөдөр" сонины тоймч Ж.Сувдмаа "Хуульгүй томилгоо" бүтээлээр тус тус шалгарлаа.
"Нийтлэлч Отгонбаяр" сангаас зарласан энэхүү сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаан нь мэргэжлийн сэтгүүл зүйг дэмжих, орчин цагийн сэтгүүл зүйд үйл явдлын учир шалтгаан, төлөв байдал, асуудлын мөн чанарыг задлан шинжилсэн аналитик сэтгүүл зүйн бүтээлүүлийг түгээн дэлгэрүүлэх, сэтгүүлчдийн ур чадварыг ахиулахад оршино.