Netflix-ийн хит цуврал "Emily in Paris"-ийн гол дүрийн жүжигчин Лили Коллинз 1961 оны романтик инээдмийн "Тиффани дахь өглөөний цай" /"Breakfast at Tiffany's"/ киноны шинэ хувилбарт домогт жүжигчин Одри Хепберний дүрийг бүтээхээр болжээ.
Тэрбээр энэ талаар өөрийн инстаграм хуудастаа бичээд “Энэ нь нэр төрийн хэрэг бөгөөд туйлын их баяртай байна” хэмээжээ.
Одоогоор нэр нь тодроогүй уг кино нь Сэм Уоссоны “Fifth Avenue, 5 AM: Audrey Hepburn, Breakfast at Tiffany’s and the Dawn of the Modern Woman” хэмээх баримтат номоос сэдэвлэжээ. Кино зохиолыг Алена Смит бичиж байгаа аж. Харин найруулагч одоогоор хараахан зарлаагүй байна.
Жүжигчин Коллинз өөрийн инстаграм хуудсандаа “10 гаруй жилийн туршлага хуримтлуулж, Одриг насан туршдаа биширч ирсний эцэст энэ мэдээг хуваалцаж буйдаа таатай байна. "Нэр төрийн хэрэг", "баяртай байна" гэдэг үгс миний мэдрэмжийг бүрэн илэрхийлж чадахгүй” хэмээн бичжээ.
“Breakfast at Tiffany’s" кинонд анх Мэрилин Монрог тоглуулах гэж байжээ
“Breakfast at Tiffany’s” нь анх зохиолч Труман Капотегийн 1958 онд хэвлүүлсэн тууж байсан. 1940-өөд оны Нью-Йоркт өрнөх уг зохиолд шинэ байранд нүүж ирсэн ядуу зохиолч эр гял цал хөрш бүсгүй Холли Голайтлитэй нөхөрлөж буй тухай өгүүлдэг. Түүнийг чинээлэг эрчүүдтэй харилцаж амьдардаг “Америк гейша” хэмээн дүрсэлсэн байдаг.
1961 онд хийгдсэн кино хувилбар нь эх зохиолоос нэлээд өөрчлөгдсөн. Үйл явдлыг 1960 он руу шилжүүлсэн юм. Гол дүр болох Капоте Голайтлид анх Мэрилин Монрог тоглуулахыг хүсэж Paramount Pictures-д шахалт үзүүлж байжээ. Гэвч Монро тухайн үед өөр студитэй гэрээтэй байсан тул татгалзжээ.
Мөн жүжигчин Ширли МакЛейн болон Ким Новак нар уг дүрээс татгалзсаны дараа Хепбернийг сонгосон байна. Зохиолч Капоте хожим нь “Paramount надаас урваж, Одриг сонгосон. Миний харсан хамгийн буруу сонголттой кино” хэмээн гомдоллож байв.
Кино нээлтийн өмнө студийн сурталчилгааны баг Голайтлийг биеэ үнэлэгч мэт ойлгогдохоос зайлсхийхийг хичээн, хэвлэлийн мэдэгдлүүд гаргаж байжээ.
Гэсэн ч кино дэлхий даяар 14 сая ам.долларын орлого олж (өнөөгийн ханшаар ойролцоогоор 152 сая), хоёр Оскарын шагнал хүртсэн. Хөгжмийн зохиолч Генри Манчини шилдэг хөгжим, харин “Moon River” дуу шилдэг дууны шагнал авчээ.
Шинэ кинонд юу өгүүлэх вэ?
Коллинзийн тоглох уг шинэ кино нь эх бүтээлийн түүхийг бүрэн хэмжээгээр өгүүлэх анхны бүрэн хэмжээний уран сайхны кино болохоор төлөвлөгдөж байна. Урьдчилсан бэлтгэлээс эхлээд зураг авалтын үеийн осол, саад бэрхшээлүүдийг харуулах бөгөөд тухайлбал Нью-Йоркийн Тиффани дэлгүүрийн өмнөх алдарт нээлтийн хэсгийн зураг авалтын үеэр нэгэн багийн гишүүн цахилгаанд цохиулах шахсан гэх мэт явдлууд багтах аж.
Бусад дүрүүд, тухайлбал Капоте болон найруулагч Блейк Эдвардсын дүрд хэн тоглох нь одоогоор тодорхойгүй байна.
Өмнө нь Хепберний дүрийг 2000 оны телевизийн “The Audrey Hepburn Story” бүтээлд Женнифер Лав Хьюитт бүтээж байсан юм.
Эх сурвалж: The Guardian