21 эмэгтэй уран бүтээлч хамтран үзэсгэлэн гаргана

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэй уран бүтээлчид хамтран “Бүхэл” хэмээх үзэсгэлэн гаргахаар болжээ. Уг үзэсгэлэн нь Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 7-нд нээлтээ хийж, 16-ныг хүртэл үргэлжилнэ. Энэхүү үзэсгэлэнд 20-60 насны, үе үеийн төлөөлөл болсон 21 эмэгтэй уран бүтээлч оролцож 42 бүтээлээ дэлгэнэ. Уран зураг, зураасан зураг, монгол зураг, керамик, баримал, өрөг урлаг, батик зэрэг олон төрлийн арга ажиллагаа, илэрхийллээр дамжуулан эмэгтэй хүний дотоод ертөнц, мөн чанар, гоо сайхан, оршихуйн тэнцвэрийн тухай олон давхаргат хүүрнэл өрнүүлж буйгаараа онцлог юм.

Урлагийн түүхийн туршид эмэгтэй хүний гадаад болон дотоод гоо сайхан нь үргэлжид гүн гүнзгий сэдвүүдийн нэг байсаар ирсэн. Тиймээс эл үзэсгэлэнд уг сэвдийг орчин цагийн уран бүтээлчдийн мэдрэмж, уран сайхны хэлээр дамжуулан цоо шинээр уран зурагт буулгахыг зорьжээ. 

Эмэгтэй хүн бүр өөрийн давтагдашгүй гоо сайхан, байгалиас заяасан өгөгдөлтэй байдаг. Тэдгээрт өөр, өөрийн гоо сайхан бий. Үүнийг хүлээн зөвшөөрөх нь хувь хүний оршихуйн үнэ цэнийн тухай ойлголт юм. "Бүхэл" үзэсгэлэнд тавигдах уран бүтээлүүдэд тус санааг тусгаснаас гадна хэт хийсвэрлэл, дэгжин чамирхалгүйгээр хүний дотоод гоо сайхныг хүлээн зөвшөөрөх сэдлийг үзэгчдэд төрүүлэх билээ. 

Мөн гоо сайхны тухай ойлголт нь эмэгтэй хүний нас, нийгмийн байр суурь, соёлын ялгаанаас үл хамааран оршин байхуйн давтагдашгүй үнэ цэнийг илтгэж байдаг. Тиймээс ч уг үзэсгэлэн нь гоо зүйн тухай ойлголтыг илүү өргөн хүрээнд эргэцүүлэх боломжийг олон нийтэд олгож буйг онцлон дурдууштай. 

Мөн уг үзэсгэлэнг Санхүү банкны эмэгтэйчүүдийн холбооны 10 жилийн ойг тохиолдуулан тус холбооноос хамтран зохион байгуулж байна.