“Туулын хурдны зам” төслийн газар шорооны бэлтгэл ажлыг энэ сарын 15-наас эхлүүлнэ. Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 70 инженер, техникийн ажилтан 56 машин механизм, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр барилга угсралтын үндсэн ажлыг эхлүүлэх бэлтгэл хангаж байна.
Мөн материалын хангамж, талбайн хайгуул судалгааны ажлын хүрээнд геодезийн хэмжилт бүрэн дууссан. Инженер-геологийн судалгааны хүрээнд нийт 40 цооног өрөмдсөн бөгөөд судалгааны ажлын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ. Түүнчлэн авто замын шугамын сонголт, ерөнхий байрлалын чиг зургийг холбогдох байгууллагуудаар батлуулсан. Авто зам, гүүр, хоолой болон үерийн хамгаалалтын далангийн нарийвчилсан зураг төсөл 94.5 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Гүүр, хоолойн барилгын ажлыг дөрөвдүгээр сарын эхээр эхлүүлнэ.
Туулын хурдны зам нь Шинэ тойрог замын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нийслэлийн замын хөдөлгөөний зохион байгуулалтад бодит өөрчлөлт авчрах дэд бүтцийн томоохон төсөл юм. Төслийн хүрээнд нийт долоон байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар, 12 байршилд гүүр, таван байршилд нүхэн гарц барихаар төлөвлөсөн. Нийт 32 километр урт, зургаан эгнээ бүхий уг хурдны зам ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд 14 орчим хувиар нэмэгдэх урьдчилсан тооцоолол гарсан.
Эх сурвалж: НЗДТГ