Л.Амар: Хэрэглээний зээлийг хязгаарласнаар иргэдийн чанаргүй зээл нэмэгдсэн

“Банкны салбарын 2025 оны тойм” судалгааг  танилцууллаа. Тус хуралд Монголын Банкны Холбооны Ерөнхийлөгч О.Хүрэлбаатар болон Гүйцэтгэх захирал Л.Амар, Банк Санхүүгийн Академийн Ахлах эдийн засагч Ч.Сосорбарам нар банкны салбарын 2025  оны жилийн эцсийн үзүүлэлтүүд, макро эдийн засгийн нөхцөл байдал болон цаг үеийн сэдвүүдээр мэдээлэл өглөө. 

Банкны салбарын үзүүлэлт тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар нэмэгджээ. Чанаргүй зээлийн хэмжээ сүүлийн 15 жилийн доод хэмжээнд хүрлээ. Банкнуудын өөрийн хөрөнгийн өгөөж хадгаламжийн өгөөжөөс өндөр байна. Эдийн засгийн салбаруудыг дэмжихэд чиглэсэн банкны зээлийн өсөлт үргэлжилсээр байна.​

Инфляцыг буулгахад чиглэсэн бодлогын арга хэмжээний нөлөөгөөр инфляц харьцангуй тогтвортойгоор буурч байна. 

Урсгал дансны алдагдал буурч аялал, жуулчлалаас олох орлого нэмэгдсэн, тэр дундаа санхүүгийн данс ашигтай гарсан нь валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн худалдан авах чадвар тогтвортой байхад чухал нөлөө үзүүллээ. Уул уурхайн гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнийн бууралтаас шалтгаалан экспортын орлого буурсан хэдий ч зэс, алтны үнийн өсөлт өндөр байсан цэвэр экспорт эерэг гарахад чухал нөлөө үзүүллээ. ​

Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж хүндрээд байсан хөдөө аж ахуйн салбар сэргэсэн нь эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүллээ. Уул уурхайн салбар болон түүнийг дагасан тээвэр, логистикийн салбарын өсөлт тогтвортой, үйлчилгээ болон худалдааны салбарын өсөлт үргэлжилсэн нь эдийн засаг 6.8 хувиар өсөхөд чухал нөлөө үзүүлсэн. ​

Уул уурхайн гаралтай эрдэс бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний үнийн болон тоон хэмжээний өсөлтөд найдан эдийн засгийн өсөлтийг өндөр байхаар төлөвлөж, төсвийн зарлагыг нэмэгдүүлэх нь ганц мод гал болдоггүйтэй адил хэтэрхий өрөөсгөл байна. Иймд уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний төрөлжилтөөс эхлээд бусад салбаруудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг анхаарахад ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай болох нь харагдаж байна. 

Мөн үеэр Банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар "Банкны салбар өнгөрсөн жил эдийн засгийн дэмжсэн. Боловсруулах, хөдөө аж ахуйн салбарт олгосон зээл өсөлттэй байна. Харин хэрэглээний зээлийг бууруулах гэсэн зохицуулагч байгууллагуудын бодлогын нөлөөгөөр иргэдэд олгосон зээлийн хэмжээ хязгаарлагдсан. Үүний улмаас иргэдийн зээлийн чанаргүйдэл нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 

Өнгөрсөн жил 2025 онд эдийн засаг 6.8 хувиар өссөн. Үүнд хөдөө аж ахуйн өсөлт голлох нөлөө үзүүлсэн байна.  Үүнд банкны салбар төр засагтай хамтарч хэрэгжүүлсэн зээлийн хөтөлбөрүүд хувь нэмрээ оруулсан гэж харж байгаа.  Энэ салбар есөн улирлын дараа сэргэсэн. Боловсруулах болон барилгын салбарт мөн эдийн засгийн өсөлттэй байгаа. 

Төсвийн сахилга батын эерэг өөрчлөлт төсвийн үндсэн тэнцэл эерэг гарахад гол нөлөө үзүүлсэн. ДНБ-д эзэлж байгаа төсвийн зарлага гурван хувиар буурсан. Үүний нөлөөгөөр энэ онд бодлогын хүү буурах хүлээлт үүсгэж байгаа. 

Төгрөгийн харилцах хадгаламж өсөлттэй байгаа. Энэ нь төгрөгийн хадгаламжийн өгөөж өндөр байсантай холбоотой. Өнгөрсөн жилийн эхний хагаст төгрөгийн ханш тогтвортой байсан. Харин сүүлийн саруудад төгрөгийн ханш чангарсан" гэв.