Энэ онд дараах компаниуд нийт ₮946 тэрбумын ногдол ашиг хуваарилна

Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д заасны дагуу хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, гаргасан шийдвэрээ Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэх үүрэгтэй.

Энэ дагуу нийт 86 хувьцаат компаниас ногдол ашиг хуваарилах эсэх талаарх шийдвэрээ ирүүлснээс 47 хувьцаат компани буюу нийт хувьцаат компанийн 54.66 хувь нь 946.54 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн бол 39 хувьцаат компани буюу 45.34 хувь нь ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэж, энэ талаар олон нийтэд мэдээлээд байна.

2021 онд 33 компани 110.5 тэрбум, 2022 онд 38 компани 150.8 тэрбум, 2023 онд 34 компани 303.07 тэрбум, 2024 онд 47 компани 535.09 тэрбум, 2025 онд 42 компани 1,144.26 тэрбум төгрөгийн ногдол ашгийг тус тус хуваарилахаар шийдвэрлэж байсан энэ онд 47 компани болж нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Тодруулбал, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй 21 компани 909.92 тэрбум төгрөг буюу нийт ногдол ашгийн 96.13 хувийг, II ангилалд бүртгэлтэй 19 компани 35.27 тэрбум төгрөг буюу 3.73 хувийг, III ангилалд бүртгэлтэй 6 компани 1.24 тэрбум төгрөг буюу 0.13 хувийг, биржийн бүртгэлээс хасагдсан 1 компани 0.11 тэрбум төгрөг буюу 0.01 хувийг бүрдүүлж байна.