Хөгжлийн банкны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр болно

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэгт холбогдсон нэр бүхий 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно. Анх 2022 онд тус хэрэгт 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдогдуулан Нийслэлийн прокурорын газраас  яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Түүнээс хойш гурван шатны шүүхээр тус асуудлыг хэлэлцэж байгаа юм. Улсын дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн, 26 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс өнгөрсөн оны есдүгээр сард хэргийг хоёр дахь удаагаа хянан хэлэлцээд, 19 хүн, гурван хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, 23 хүний хэргийг дахин хэрэгсэхгүй болгожээ. Тус шийдвэр Улсын дээд шүүхийн шийдвэртэй нийцэхгүй гэж үзэн, давж заалдах шатны шүүхэд прокурор эсэргүүцэл бичиж, 25 оролцогч гомдол гаргасан байна. 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх оролцогчийн гомдол, прокурорын эсэргүүцлийн дагуу нэр бүхий 42 хүн, гурван хуулийн этгээдэд холбогдох хэргийг 2026 оны  хоёрдугаар сарын 10-ны өдөр хэлэлцэхээр товлосон юм.