Сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд өчигдөр/2026.02.09/ ахмад болон өсвөр бөхийн барилдаанаар эхэллээ.
Ахмад бөхийн барилдаанд 50-аас дээш насны 24 бөх зодоглосноос Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Ээлт хан галын бөх, Монгол Улсын гавьяат тамирчин, Дархан аварга Агваансамдангийн Сүхбат түрүүлж, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, аймгийн арслан Чойжилын Эрдэнэчулуун үзүүрлэв. Барилдааны их шөвгийн гуравт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Хантайшир дэвжээний бөх, аймгийн начин Б.Пүрэвсүрэн шалгарлаа. Дунд шөвөгт улсын начин Д.Цогзолдорж, аймгийн арслан Ц.Жамсран, аймгийн начин О.Одсүрэн нар үлдэв.
Дархан аварга Агваансамдангийн Сүхбат хамгийн сүүлд 2006 онд Бөхийн өргөөнд болсон барилдаанд барилдсан аж. Тэрээр 20 жилийн дараа барилдахдаа ахмадын барилдаанд түрүүлэв.
Сар шинийн баярт зориулсан Тарвалин хийдийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд болно.