Төр, нийгмийн зүтгэлтэн, их жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга бөгөөд МАН-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар болон төр, нийгмийн зүтгэлтнүүд Д.Сүхбаатар жанжны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.
Төр нийгмийн зүтгэлтэн, гарамгай жанжин Д.Сүхбаатар нь 1893 оны хоёрдугаар сарын 2-нд Маймаа хотноо Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харьяат ард Дамдины гэрт төрсөн. 1921 оны гуравдугаар сарын 24-нөөс 1922 оны арванхоёрдугаар сар хүртэл Цэргийн яамны Тэргүүн сайдаар, 1921 оны дөрөвдүгээр сарын 10-наас 1923 оны хоёрдугаар сар хүртэл Бүх цэргийн зөвлөлийн гишүүн, 1921 оны хоёрдугаар сараас насан эцэс болтлоо Бүх цэргийн жанжны албыг тус тус хашиж байв. Д.Сүхбаатар 1923 оны хоёрдугаар сарын 20-нд насан эцэслэсэн юм.
Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мятаршгүй тэмцэж, ардын хувьсгалыг мандуулахад ард түмнээ манлайлан тэмцсэн Д.Сүхбаатарыг 1922 оны есдүгээр сард Ардын Эрхт Монгол Улсын анхны “Зоригт баатар” цолоор шагнаж байжээ.