Энэтхэгт Нипа вирусын дэгдэлт гарсантай холбогдуулан Азийн олон улсын нисэх буудлууд Ковид19-ийн үеийнхтэй төстэй шалгалт, хяналтыг эхлүүлээд байна.
Энэтхэгийн зүүн нутгийн Баруун Бенгал мужид Нипа вирусын халдвар авсан таван хүн илэрсэнтэй холбогдуулан уг үхэлд хүргэх аюултай өвчний эх үүсвэрийг тогтоох, тархалтыг хязгаарлах зорилгоор сарьсан багваахайнуудыг шинжилгээнд хамруулж эхэлжээ.
Мужийн нийслэл Колката хотын амьтны хүрээлэнд сарьсан багваахайг урвуу транскрипцийн полимеразын гинжин урвалын (RT-PCR) аргаар шинжилсэн талаар мужийн албаны эх сурвалжууд мэдээлсэн байна. Үүнтэй адил шинжилгээг мужийн бусад хэд хэдэн бүс нутагт буй сарьсан багваахайнууд дээр ч хийж байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт эмнэлгийн судлаачдаас бүрдсэн баг Колката хотын Алиповерын амьтны хүрээлэнд хоёр өдрийн турш сарьсан багваахайнаас цус болон арчдасын (swab) дээж авсан талаар Мужийн Ойн газрын өндөр албан тушаалтан Press Trust of India агентлагт ярьжээ.
Алиповерын амьтны хүрээлэн нь Колката хотод сарьсан багваахайг олзворлон тэжээдэг цорын ганц байгууллага учраас шинжилгээнд хамруулсан байна.
Амьтны хүрээлэнгийн захирал Трипти Сах дээж авах ажиллагааг аюулгүй ажиллагааны тогтоосон журмын дагуу гүйцэтгэсэн гэдгийг онцлоод “Манай баг сарьсан багваахайнаас арчдасны дээж авч, бүх шатанд холбогдох журмыг чанд мөрдсөн” гэжээ.
Энэхүү тандалт, шинжилгээний ажлыг Энэтхэгийн Үндэсний Вирус Судлалын Хүрээлэн болон Энэтхэгийн Эрүүл Мэндийн Судалгааны Зөвлөл хамтран, Мужийн Эрүүл Мэндийн Газрын хяналтан дор явуулж байгаа бөгөөд логистикийн дэмжлэгийг Ойн газар үзүүлж байна.
Энэ сарын эхээр Баруун Бенгал мужид Нипа вирусын халдвар дор хаяж таван эрүүл мэндийн ажилтанд илэрсэн нь Энэтхэг даяар төдийгүй Азийн бусад бүс нутагт ч түгшүүр төрүүлээд байна.
Нипа вирус нь жимсний сарьсан багваахайнаас халдварладаг зоонозын өвчин бөгөөд Энэтхэгт заавал мэдээлэх ёстой халдварт өвчний ангилалд багтдаг. Өөрөөр хэлбэл, илэрсэн тохиолдол бүрийг нэн даруй төв засгийн газарт мэдэгдэх шаардлагатай. Нипа нь вакцин, эмчилгээ байхгүй, үхэлд хүргэх өндөр эрсдэлтэй вирус бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас онц аюултай эмгэг төрүүлэгч гэж ангилсан байдаг.
Эхний хоёр тохиолдол нь Колката хотоос ойролцоогоор 24 км зайд орших Хойд Парганас дүүргийн Барасат хот дахь хувийн эмнэлэгт ажилладаг эрэгтэй, эмэгтэй сувилагчдаас илэрчээ. Үүний дараа Колкатагаас 100 км орчим зайд орших Пурба Бардхаманд дүүрэгт эмч, сувилагч болон эрүүл мэндийн нэг ажилтнаас халдвар илэрсэн нь тогтоогдсон байна.
Одоогоор мужийн Мадхьямграм, Барасат, Басирхат болон Колката бүс нутгуудад байгаа сарьсан багваахайнуудыг шинжилгээнд хамруулж байна.
Баруун Бенгал мужийн зэрлэг ан амьтны ерөнхий хянагч Сандийп Сундриял хэлэхдээ, дээж авах ажиллагааг эхлүүлэхийн өмнө шаардлагатай бүх зөвшөөрлийг бүрэн авсан гэдгийг онцолжээ.
“Сарьсан багваахай барихын тулд Ойн газраас урьдчилан зөвшөөрөл авах шаардлагатай. Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөл авсан” гэж Сундриял хэлжээ.
Тэрээр мөн “Муж даяар сарьсан багваахай байгаа бүс нутгуудаар мэргэжлийн багууд очиж, дээж цуглуулж байна. Алиповерын амьтны хүрээлэнд ч мөн адил журмаар ажилласан” гэж нэмж дурдсан байна.
1875 онд байгуулагдсан Алиповерын амьтны хүрээлэн нь Энэтхэгийн хамгийн эртний олон нийтэд нээлттэй амьтны хүрээлэнд тооцогддог бөгөөд жил бүр сая сая зочин хүлээн авдаг юм.