Зөвшөөрөлгүй газар ууц, өвчүү чанавал гурван саяар торгоно

Сар шинэ болоход долоохон хоног үлдсэн энэ үед иргэд Цагаан сарын ууц, өвчүү чанах газрын ирэлд гарч байгаа бизээ. Үүнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллага нийтийн эзэмшлийн гудамж талбайд, орон сууцны хорооллын дунд гэр барих, зөвшөөрөлгүй газар ууц, өвчүү чанадагт хяналт тавин ажиллаж байна. 

Энэ хүрээнд нийслэлийн бүх дүүргийн Засаг дарга нарт нийтийн эзэмшлийн талбайд хүнсний бараа бүтээгдэхүүн ил задгай худалдах, стандарт эрүүл ахуйн шаардлага хангаагүй газарт ууц, өвчүү чануулахгүй байх шаардлага хүргүүлсэн. Хэрэв мэдэгдэл хүргүүлээд байхад орон сууцны хороолол, талбайд гэр барьж, мөн подвал зэрэг зөвшөөрөгдөөгүй газар ууц, өвчүү чанавал орлогыг нь хурааж, иргэнийг 300 мянган төгрөг, хуулийн этгээдийг гурван сая төгрөгөөр торгох юм.

Эрүүл ахуй, аюулгүй байдал, стандартын дагуу Цагаан сарын ууц, өвчүүг зөвхөн зөвшөөрөгдсөн хоолны газруудад чануулж болох юм. Гэхдээ сургууль, цэцэрлэгийн хоолны газар ууц, өвчүү чанахыг хориглож байгаа билээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Цагаан сарын баяраар 24 цагаар хариуцлагатай жижүүр ажиллуулах бөгөөд 70128012 утсаар осол, гэмтэл, гомдлыг хүлээж авах юм байна.