Тусгаар Монголын Үндсэн хууль

Монгол Улсад Ардчилсан Үндсэн Хууль батлагдсаны 33 жилийн ой өнөөдөр тохиож байна. 

Тэртээ 1924 оны 11 сарын 26-нд анхны үндсэн хуулиа баталж, нийтээр даган мөрдөх баримт бичигтэй болсон нь өнөөгийн Улсын Их Хурал, Засгийн газрын суурийг тавьсан явдал байв. Эх орныхоо тусгаар байдлын төлөө эрслэн босож, үндсэн хуулиа баталсан тэдгээр зоригтнуудын ихэнх нь хожим хилсээр хороогдож, хүйтэн чулуу дэрлэсэн ч газар шороо, гол усаа голт зүрхний гүнээс хайрлаж, эх чөлөө хэмээх үнэт зүйлийг эрхэмлэн дээдлэхийг үнэ цэнийг үр хойчдоо оршоосон билээ.

Харин өнөөдөр Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн өдөр. Иргэд төрд татвар төлдөг. Харин төр иргэддээ эрх, эрх чөлөө, шударга ёсыг олгож, түүнийгээ баталгаажуулах үүрэгтэй. Энэ бол орчин үеийн улс төрийн хамгийн энгийн бөгөөд анхдагч зарчим. Гол нь энэ бүхэн бодит амьдрал дээр хэрэгжиж байгаа юу гэх асуулт үргэлж хөндөгддөг. Үүнд хариулт өгөх цорын ганц бичиг баримт бол Монгол Улсын Үндсэн хууль.  

Энэ бол төр хэнд үйлчлэх ёстойг, хэн хэнийхээ өмнө ямар хариуцлага хүлээх шаардлагатайг тогтоосон нийгмийн гэрээ. Төр иргэдээсээ юуг шаардаж болох, иргэд төрөөсөө юуг нэхэх эрхтэйг Үндсэн хууль л заадаг. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль бол төрийн дарангуйллын хэрэгсэл бус агаад улстөрчдийн тав тухын хангах тунхаг ч биш. Энэ бол иргэний баталгаа билээ.