УИХ-ын даргыг гишүүдийн олонхын саналаар чөлөөлөх хууль өнөөдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ.
Тэд УИХ-ын дэгийн тухай хуулийн өөрчлөлт өнөөдрөөс хэрэгжиж байгаа учраас спикерийг огцруулах тогтоолын төслийг өргөн мэдүүлэх гэж байгаа гэнэ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Нэр бүхий 39 гишүүн тогтоолын төслийг өргөн барилаа. Яаралтай горимоор хэлэлцэхээр хууль баталсан. Энэ дагуу одоо хэлэлцээд явмаар байна. УИХ-ын дарга ирэх мягмар гариг хүртэл хойшлуулах шаардлага байгаа гэсэн. Ард иргэдийн хүлээлт байхад яагаад хойшлуулах гээд байгааг ойлгохгүй байна. Ямартай ч тогтоолын төслөө өргөн мэдүүлээд, эргээд тайлбар хийе. Одоо Чуулганы хуралдаанд ороод бид горимын санал гаргана” гэлээ.