Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар энэ сарын 22-24-ний өдрүүдэд Швейцарын холбооны улсын Давос-Клостерс хотноо жил бүр зохион байгуулагддаг Дэлхийн эдийн засгийн форумд оролцжээ.
Дэлхийн эдийн засгийн 49 дүгээр форумаар дэлхий дахин, бүс нутаг, үйлдвэрлэлийн түвшинд тулгарч буй асуудлуудыг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн зүтгэлтнүүдтэй хамтран хэлэлцэж, дэлхийн эдийн засгийн ойр болон хэтийн ирээдүйн ерөнхий дүр төрхийг тодорхойлсон байна.
Тус форумд дэлхийн 100 гаруй улсын төр засгийн тэргүүнүүд болон олон улсын тэргүүлэх 1,000 гаруй компанийн удирдлагууд, нэрт эдийн засагчид, банк, санхүүгийн байгууллагын төлөөллүүд оролцсон юм.
Сайд Д.Сумъяабазар "Уул уурхай-металлын салбарын бодлого тодорхойлогчдын уулзалт”, “Эрчим хүч, хими, уул уурхай, металл үйлдвэрлэлийн хүлээн авалт”, "Бүс ба зам санаачилгыг урагшлуулах" зэрэг салбар хуралдаанд оролцжээ.
Түүнчлэн салбарын сайд УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолоор "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах бэлтгэл ажлыг хангах хүрээнд холбогдох гадаадын банк, санхүүгийн байгууллагууд болон хөрөнгийн биржийн төлөөлөгчидтэй уулзалт хийсэн байна.
Уулзалтын үеэр талууд уул уурхайн салбарт хамтран ажиллах боломжийн талаар мөн санал солилцжээ.
Эх сурвалж: УУХҮЯ