Б.Энх-Оргил: Багшийнхаа амжилтыг 11 жилийн дараа давтсандаа баяртай байна

Тайландад болсон холимог тулааны хамгийн том холбоо "ONE Championship"-ийн ээлжит тулаанд ялалт байгуулсан тулаанч Б.Энх-Оргил өнгөрсөн шөнө эх орондоо ирлээ. Тэрээр 65.8 кг-ын жингийн аваргын бүсийг эзэмшиж, дэлхийн аварга цолыг хүртсэн юм.

Холимог тулаанч Б.Энх-Оргил Бразилын тамирчин Фабрико Андрадетэй тулалдаж ялалт байгуулсан билээ. Түүний сэтгэгдлийг хүргэе.

Б.Энх-Оргил: "Монголчууд маань их сайхан хүлээж авсанд баярлалаа. Аварга болж чадлаа. 25 жил бэлтгэл хийсний шагналаа өнөөдөр хүртэж буйдаа туйлын их баяртай байна. Миний багш Ж.Нарантунгалаг 2014 онд "One Championship" холбоонд түрүүлж дэлхийн аварга болж байсан түүхтэй. Багшийнхаа амжилтыг 11 жилийн дараа давтсандаа баяртай байна. Багштайгаа хамт бэлтгэл хийж, түүнээс суралцаж чадлаа. Би тулааны дараа маш их ядарсан. Монголдоо ирээд сайхан амармаар санагдсан. 2003 онд ээж минь цалингийн зээл авч намайг дэмжиж, таеквондогийн тэмцээнд явуулж байлаа. Ээждээ маш их талархдаг.

Тулаанд нэг нь ялж, нөгөөх нь ялагддаг. Энэ удаа би яллаа. Олон сайхан зүйл тохиож, тэр өдрийн тэнгэр миний талд буулаа. Маш олон хүний дэмжлэг, туслалцааг тэнгэр харж ялалтыг надад өглөө гэж ойлгож байгаа. Үнэхээр сайхан мэдрэмж байдаг юм байна. Багшийнхаа амжилтыг дахин давтлаа. Намайг үргэлж дэмжиж байдаг та бүхэндээ баярлалаа.” гэлээ.