Герман, Монголын хамтарсан “Анагаагч эх дэлхий” үзэсгэлэнгийн нээлт “Чингис хаан” үндэсний музейд боллоо.

Тус үзэсгэлэн нь хүн, байгаль, хотжилт, экологи, нүүдлийн уламжлал, сүнслэг оршихуй зэрэг өргөн хүрээний сэдвийг хамрах бөгөөд зөвхөн уран бүтээлийн цуглуулга бус хоёр орны урлагийн түүх, соёлын үзэл санаа солилцох талбар болж буйгаараа онцлогтой.

Үзэсгэлэнд Монгол Улсын бэлчээрийн даац, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн асуудлыг олон улсын тогтвортой хөгжлийн хүрээнд авч үзэх шаардлагатайг хөндөж, хүн байгалийн дахин холбогдох хүсэл, эх дэлхийгээ анагаахуй гэх утгыг уран бүтээлчид бүтээлээрээ дамжуулан илэрхийлжээ.

2024 онд тохиосон Монгол Улс, ХБНГУ дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Күнстхалле Дюссельдорф музейд зохион байгуулсан “Эх дэлхийгээ анагаахуй” төслийн Улаанбаатар дахь үргэлжлэл болж "Анагаагч эх дэлхий" үзэсгэлэнг ийнхүү толилуулж буй юм.

Тус үзэсгэлэн 2026 оны нэгдүгээр сарын 18-ныг дуустал үргэлжилнэ.