Гаалийн ажилтнуудын хууль бус үйлдэлтэй холбоотой мэдээллийг 11 11 төв хүлээн авна

Төв гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүлээн авах тусгай шугам нээжээ. 

Энэ хүрээнд гаалийн байгууллагад хийсэн хяналт, шалгалтаар ноцтой хэргүүд илрээд байгаа аж. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар хотын Гаалийн газарт ажиллажээ.

Тэгвэл олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх, оролцоог хангах зорилгоор 11-11 төвд гаалийн байгууллагын хууль бус, ёс зүйгүй үйлдэл, хүнд суртал, чирэгдлийн талаар баримт нотолгоо бүхий мэдээлэл хүлээн авах тусгай шугамыг өнөөдрөөс (2025.12.08) нээж байгаа аж. 

Тус төв иргэдээс ирсэн мэдээллийн нууцлалыг хадгалж, эх сурвалжийг хуулийн дагуу хамгаалах аж. Түүнчлэн тус төвд ирсэн мэдээллүүдийг өдөрт нь нэгтгэж, ЗГХЭГ-т шууд хүргүүлэх бөгөөд дүн шинжилгээ хийж, Ерөнхий сайдад танилцуулах юм байна.

Шаардлагатай тохиолдолд баримт нотолгоо бүхий мэдээллийн мөрөөр хууль хяналтын байгууллагыг ажиллуулахаар болжээ.