Ж.Энхбаяр: 200 сая хэрэглэгчтэй зах зээлд бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломж бүрдэнэ

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хурлаараа Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжжээ. 

Мөн томуугийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлын талаар мэдээлэл сонссон байна. 

Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр "Монгол Улс 3.5 сая хүнтэй жижиг зах зээлээсээ давж, 200 сая хэрэглэгчтэй сэрүүн бүсийн зах зээлд экспорт нэмэгдүүлэхийг зорьж байна. Хэлэлцээрийн хүрээнд 367 нэр төрлийн барааг харилцан хөнгөлөлттэй нөхцөлөөр нэвтрүүлэх юм. Нийт барааны 97 хувь нь хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн эзэлж байна.

Евроазийн талаас аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн импортоор орж ирнэ.  Монголчууд жилд 500 сая ширхэг өндөг хэрэглэдэг бөгөөд үүний 400 саяыг дотоодоос хангах боломж бүрдээд байна. Үлдсэн 90 сая өндгийг ЕАЭЗХ-той хамтарснаар тарифын хөнгөлөлттэй оруулж ирнэ. Улаанбуудайн хувьд 50 мянган тонн бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломжтой.

Хэлэлцээрт өнгөрсөн зургаадугаар сард Засгийн газар гарын үсэг зурсан, одоо УИХ соёрхон баталснаар гэрээ хүчин төгөлдөр болно гэв. Хэлэлцээр  гурван жилийн хугацаатай хэрэгжих юм. 

Монголын улсын экспорт  91.2 хувь нь БНХАУ-аас, уул уурхайн бүтээгдэхүүний 94 хувь БНХАУ-аас, ХАА-н бүтээгдэхүүний 87 хувь нэг улсаас хамааралтай байна.

Иймд Монгол Улс олон тулгуурт эдийн засгийн бодлого баримталж, хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцаа хөгжүүлэх шаардлагатай. Үүний хүрээнд ЕАЭЗХ-тай байгуулах энэхүү түр хэлэлцээр нь экспортын шинэ боломж болно" гэв.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн "Энэ жил томуугийн өвчлөл өнгөрсөн гурван жилийн дундажтай харьцуулахад 15-19 хувиар өссөн байна.

Өвчлөлийг бууруулахын тулд өнгөрсөн долоо хоногт бага ангийн, энэ долоо хоногоос дунд ангийн сурагчдын хичээлийг түр цахим хэлбэрт шилжүүлсэн. Ингэснээр амбулаторид үзүүлэхээр ирж буй хүүхдүүдийн тоо буурсан ч эрчимт эмчилгээ болон хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн тоо буураагүй. Өдөрт 1000 гаруй хүүхэд эмнэлэгт үзүүлэхэд 150-200 нь хэвтэн эмчлүүлж, бусад нь эмийн үйлчилгээ авч байгаа.

Энэ онд зургаан сартайгаас зургаан настай хүүхдүүдийг хамруулан 300 мянган тун томуугийн вакцин хийж, 99 хувийн гүйцэтгэлтэй дуусгасан. Тиймээс ирэх жил томуугийн эсрэг вакцины хэмжээг 500 мянган тун болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа.