Луврын музей дэх түүхэн чухал номуудын томоохон цуглуулга ус алдсаны улмаас сүйдсэн болохыг тус музейн албан тушаалтнууд өнгөрсөн ням гарагт баталжээ. Уг явдал Египетийн Эртний эд өлгийн зүйлсийг хадгалдаг Моллиен жигүүрт болсон байна.
Тус музейн дэд захирал Фрэнсис Стейнбокийн мэдэгдсэнээр, ус алдсаныг 11 дүгээр сарын 26-нд илрүүлсэн бөгөөд XIX зууны сүүлч, XX зууны эхэн үеийн “300-400 бүтээл” сүйджээ. Тэрбээр түүхэн номуудыг “Маш чухал бүтээлүүд боловч ховор нандин зүйлүүд биш” гэж тодорхойлжээ.
Үүссэн нөхцөл байдлын улмаас ямар ч эд өлгийн зүйл сүйдээгүй гэж Ф.Стейнбок онцлоод, тэдгээр цуглуулгад нөхөж баршгүй хохирол учраагүй хэмээн нэмж хэлжээ. Түүний хэлснээр, сүйдсэн номуудыг хатааж, сэргээгээд, тавиур дээр буцаан тавих аж.
Харин уг мэдэгдлийг бямба гарагт “La Tribune de l'Art” цахим сэтгүүлд гарсан нийтлэлд шууд няцаасан байна.
Учир нь зарим номын хавтаснууд сэргээхийн аргагүйгээр сүйдсэнийг нийтлэлд дурдаад, Египетийн эд өлгийн хэсгийн барилгыг шинчлэн сайжруулах, цуглуулгуудыг хамгаалах бусад арга хэмжээ авах хүсэлтийг үл тоомсорлосон хэмээн музейн удирдлагуудыг буруутгажээ.
Ус алдсан нь дэлхийн хамгийн алдартай музейд сүүлийн үед тохиолдсон ээлжит таагүй явдлуудын нэг болж байна.