Taobao.com сайтад Монголд үйлдвэрлэв гэсэн цэс нэмэгдэхээр болжээ

МҮХАҮТ-ын Бээжин хот дахь төлөөлөгчийн газраас “Хятадын зах зээлд бизнес эрхлэх нь” сэдвээр уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр манай бизнес эрхлэгчид цахим худалдааны Tаоbao сайтаар дамжуулан бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломж бүрдсэн талаар мэдээлллээ. Тодруулбал, тус сайтад “Made in Mongolia” гэсэн тусгай хуудас ажиллуулах бэлтгэл бүрэн хангагдаад байгаа гэнэ. 

Хятадын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд дөрвөн төрлийн стандартыг мөрддөг, үүнд үндэсний стандарт, техникийн стандарт, орон нутгийн стандарт, байгууллагын стандарт гэсэн шат дараалсан стандартууд байдаг аж. Манай улсын нүүр царай брэнд гэдгээр Хятад Улс ноолууран бүтээгдэхүүн экспортлох сонирхолтой байдаг. Хятадын ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн топ 10 компани Хятадын нийт зах зээлийн 75 хувийг эзэлдэг тул зах зээлийн төвлөрөл дунд хэмжээтэй олигополь зах зээл гэж дүгнэдэг. Өвөр Монголын “Ордос Ресурс” ХК нь Хятадын хамгийн том ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг компани юм. Тус компани нь Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй. Зах зээлийн үнэлгээ нь 30 тэрбум юань ба нийт 26,000 ажилчин бүхий 126 салбар компанитай болтлоо өргөжсөн байна. Энэ тогтвортой, том зах зээлд манай ноолууран бүтээгдэхүүн өнгө загвараар, чанараар үнээр өрсөлдөж  өөрийн ялгаралыг бий болгох нь чухал хэмээн Бээжин хот дахь МҮХАҮТ-ын төлөөлөгч Ө.Мөнгөнцацрал зөвлөжээ. 

Уг арга хэмжээнд оролцсон оролцогчдоос ганцаарчилсан уулзалт хийж  шаардлага хангах 1-2 бизнес дээр төвлөрч БНХАУ-ын зах зээлд гаргахад  дэмжлэг үзүүлэн ажиллахаар болов. Тэр дундаа ноос ноолууран бүтээгдэхүүн, цэвэр усны бизнесийг онцоллоо. Тухайн бизнес эрхлэгч шаардлагатай урсгал зардлуудыг гаргах санхүүгийн чадамжтай байх, БНХАУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах чин эрмэлзэлтэй байх, бүтээгдэхүүн нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөх технологийн дагуу хийгдсэн байх гэсэн шаардлагыг гол болгож байв.