Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Чингис хаан” цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.
Хүчит бөхийн барилдаанд улсын арслан Э.Батмагнай түрүүлж, улсын заан С.Сүхбат үзүүрлэлээ. Э.Батмагнай дөрвийн даваанд улсын начин Б.Даваа-Очирыг, тавын даваанд улсын харцага Э.Дашийг, зургаагийн даваанд улсын заан Н.Жаргалбаярыг тус тус давлаа.
Өнөөдрийн барилдааны онцлох бөхөөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, сумын заан Дармаабазарын Мөнхтулга тодорлоо. Тэрбээр аварга, арслан цолтнуудыг дараалан давсан юм.
Д.Мөнхтулга нэгийн даваанд улсын аварга О.Хангайг, хоёрын даваанд улсын арслан Э.Оюунболдыг, гурвын даваанд улсын арслан Ц.Бямба-Отгоныг тус тус давж, дөрвийн даваанд улсын арслан Ц.Содномдоржид өвдөг шороодсон.