Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар долоон сургууль, 19 цэцэрлэг, долоон бага сургуулийг ашиглалтад оруулаад байна. Гэвч ашиглалтад оруулсан эдгээр сургууль, цэцэрлэгийн зарим нь өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээллээ.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Нийслэлийн Боловсролын салбарт энэ онд 43 сургууль, 67 цэцэрлэг, 22 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор зэрэг 139 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургуулийг ашиглалтад оруулаад байна. Гэвч зарим цэцэрлэгийн үйл ажиллагаа огт эхлээгүй, зарим сургуулиуд 100 хувь хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна.
Тухайлбал, 62 дугаар сургуулийн өргөтгөл нь нийт 25 ангитай. Гэтэл Боловсролын яамнаас өнөөдрийн байдлаар 12 ангийг нь тохижуулсан байна. 13 анги нь сандал ширээгүй байгаа. Яг ийм нөхцөл байдалтай 12 сургууль байгаа бол 8 цэцэрлэгийн зөөлөн, хатуу эдлэлийг салбар яамнаас шийдэж өгөөгүй байна. Үүнээс болж бүрэн хүчин чадлаараа хүүхдүүдээ хүлээж авч чадахгүй байдалтай байна” гэлээ.