УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсыг 2026-2030 он хүртэл хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул УИХ-ын гишүүн С.Зулпхарын асуултад хариулахдаа "Ажиллах хүчний оролцооны хувийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлж байгаа. 2024 оны байдлаар манай улс ажиллах хүчний оролцооны түвшингээр дэлхийн дунджаас нэг хувиар илүү байгаа. Харин эрэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин дэлхийн дунджаас хоёр хувиар доогуур байна. 2030 он гэхэд ажиллах хүчний оролцооны түвшинг 3.7 хувиар нэмэгдүүлнэ гэж тооцож байгаа. Эмэгтэйчүүдийнхийг 4.5 хувиар нэмэх зорилт дэвшүүлж байгаа.
ДНБ-д эзэлж байгаа улсын нийт цалингийн түвшин 45 хувиас их байвал цалингаараа боломжийн түвшинд амьдарна гэж үздэг. Тиймээс цалинг нэмэхийн тулд бүтээмжийг нэмэх бодлого баримтална. 2030 он гэхэд дундаж цалин дөрвөн саяд хүрнэ гэж тооцож байгаа" гэв.