Ахмад сэтгүүлч Ч.Отгонбаатарыг “Алтан Од”-оор шагналаа

Монголын үндэсний олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар тус холбооны дээд шагнал болох “Алтан Од” одонг спортын салбарын шилдгүүдэд гардууллаа. Уг "Алтан Од" одонг биеийн тамир, спортыг хөгжүүлэх, олимпын хөдөлгөөнийг сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан тамирчин, дасгалжуулагч, спортын зүтгэлтнүүдэд олгодог уламжлалтай.

“Алтан Од” одонгоор 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг болон волейболын спортын ОУХМ, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Хэрлэн нарыг өчигдөр шагнасан. Уг одонгийн дараагийн эзнээр Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Хүндэт ерөнхийлөгч, Монголын спортын нэрт зүтгэлтэн, ахмад сэтгүүлч Ч.Отгонбаатар шагнагдлаа. Тэрээр энэ онд Монгол Улсаас анх удаа Азийн спортын сэтгүүлчдийн холбооны дээд шагнал болох “Азийн Спортын сэтгүүлчдийн холбооны алдартан” хэмээх нэр хүндтэй шагналыг хүртсэн юм.

Ч.Отгонбаатар нь дэлхийн спортын сэтгүүлчдийн холбооны конгресст Монгол Улсаа төлөөлөн 21 удаа, Азийн спортын сэтгүүлчдийн холбооны конгресст 14 удаа оролцсон. Тэрээр олимпын наадамд 12 удаа, өвөл, зуны Азийн наадамд нийт 13 удаа Монголын багийн төлөөлөгчөөр оролцсон туршлагатай.