Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас өнөөдөр нэгдсэн байдлаар шатахуун түгээх станц /ШТС/ дээрх дугаарлалт, шатахууны нөөц, түгээлтийн талаарх нэгдсэн мэдээллийг хүргэлээ.
АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв: 2025 оны арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар улсын хэмжээнд нийт 275 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэгдэн ирж байна. Үүнээс АИ-92 автобензин 81 вагон байгаа бол АИ-95 автобензин хоёр вагон Улаанбаатар төмөр зам дээр байрлаж байгаа. Мөн дизелийн түлш 158 вагон нийлүүлэгдсэн. Шатахууны хангалт өмнөх өдрөөс харьцангуй сайжирсан гэж хэлж болно. Улаанбаатар өртөөнөөс Дорноговь аймаг руу долоон автобензин тээвэрлэгдсэн.
Нөгөөтэйгүүр, Эрдэнэт, Дархан-Уул аймаг руу 11 цистерн автобензин нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн, зүүн бүсийн аймгуудын хувьд Эрээнцаваар нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэгдэн орж иж байгаа учир харьцангуй гайгүй болсон. Түүнээс гадна Өмнөговь аймаг болон баруун бүсийн ханган нийлүүлэлт доголдсон байдалтай байгаа учир сайжруулах арга хэмжээг яамнаас авч ажиллана. Нийслэлийн хяналтын камерын нэгдсэн системээс харахад гурван хоногийн өмнөөс үүссэн дараалал өнөөдөр /2025.11.20/ буурсан төлөв ажиглагдлаа.
Зарим дүүрэгт хэд, хэдэн шатахуун түгээх станц /ШТС/ ажиллахгүй байгааг ажиллуулах шаардлагыг хүргүүлсэн.
Төвийн болон захын дүүргийн шатахуун түгээх станц өчигдрөөс /2025.11.19/ дараалал нь буурсан. Өнөөдөр нийслэлд гол зам дагуу байрлах шатахуун түгээх станц дээр автомашины дараалал буурсан нь хяналтын камер дээрээс харагдаж байна. Үндсэндээ нийслэлд шатахуун түгээх станц хэвийн ажиллаж шатахууны олголт хэвийн явагдаж байна.
Монгол Улс 69 мянган тонн АИ-92 бүтээгдэхүүн захиалснаас 40 мянган тонныг өнөөдрийн байдлаар хүлээж авсан бөгөөд үлдсэн 10 хоногт 30 мянган тонн хүлээж авахаар шатахууны ханган нийлүүлэлт найдвартай гэсэн үг. Нэг үгээр 81 вагон АИ-92 автобензин нь нийслэлд 3-4 өдрийн хэрэглээ юм. Тиймээс орон нутгийн татан авалтыг жигдрүүлээд явах хэрэгцээ гарна. Үүнээс гадна агуулахын нөөцийн хэмжээ нэмэгдэж байсан боловч хоёр өдрийн үргэлжилсэн шатахууны дарааллаас хамаарч нөөцийн хэмжээ буурсан. Бусад орон нутагт байрлах шатахууны нөөц бүрдүүлэлт болон түгээлтийгг сайжруулахаар яам ажиллаж байна гэлээ.